Wednesday, March 20, 2013

Г.НЯМ-ОЧИР: МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТҮҮХИЙГ 1913 ОНООС ЭХЛЭН БИЧИХ ЁСТОЙ


    Зуун жил гэдэг их түүхийн хувьд шагай инчдэх мэт өчүүхэн авч, ойрх цагийн явдлыг шинжин харвал далай туулах мэт урт удаан буюу. Өнгөрсөн зуунд монгол үндэстэн оршин тогтнолынхоо хамгийн хүнд хэцүү, ороо бусгай, ээдрээ зөрчилтэй цаг хугацааг туулсан байж ч мэднэ. Гурван төрийн нүүрэнд гурван нийгмийн зохион байгуулалт, гурван өөр үзэл санаагаар амьдарсан монголчуудыг гагцхүү эх орон, тусгаар тогтнол, хэл соёлын алтан шижим л алдаршгүй бат холбож, өнөөдрийн энэ цагт ирсэн байна.
    Үймээн шуугиан, цус нулимсаар дүүрэн энэ зууны түүхийг үзэл суртлын хүйтэн гараас салгаж, эх орончийн халуун сэтгэлээр харахыг цаг үе маань шаардах болжээ. Өөр хэн нэгний шахаас дарамт, алив нэгэн дарангуй хүчний ашиг сонирхлын ивээс үгүй, дан ганц монгол хэмээх язгуур эрх ашгийн үүднээс эх түүхээ шинээр бичиж, нураагдсан олон сүмийнхээ дотор шатаагдсан оюун санаагаа сэрээн дуудаж, гутаагдсан нэр төртэйгээ цуг булаагдсан үнэт зүйлсээ сэргээн сануулах нь өнөө цагийн бичиг соёлын хүний эрхэм, түүхэн үүрэг билээ.
    Зуун жилийн өмнө хүн хүч, зэр зэвсгийн хувьд эрс давуу Дундад иргэн улсын цэргийн хүчний өмнөөс цэрэглэн мордож, олон зууны өмнөх байлдан дагууллын үеэс хойш анх удаа их цагаан хэрэм хүртэл хилийн цэсээ тогтоосон “Таван замын байлдаан”-ы талаар шинэ түүхэнд анх удаа даацтай өгүүлсэн нэгэн баримтат кино өнгөрөгч ням гарагт МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл боллоо. “Монголын шинжлэх ухааны баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-ийн бүтээсэн “Хоржийлоо” баримтат кино болон өдгөөх цагийн соёл суртахууны бодлого, эрдэм судлалын зарим асуудлыг хөндөж, уг киноны зохиогч, продюссер,  Утга зохиолын “Хүрээ хөвгүүд”бүлгэмийн гишүүн Г.Ням-Очиртой хөөрөлдөв.

    -“Монголын шинжлэх ухааны баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-ийн талаар яриагаа эхэлье. Танай нийгэмлэг ямар зорилгоор, хэдийнээс үйл ажиллагаагаа эхлүүлэв? Өнгөрөгч хугацаанд ямар бүтээлүүдийг олны хүртээл болгов?

-Манай нийгэмлэгт хамрагдаж буй уран бүтээлчид хуучин Телекино үйлдвэрийн буурин дээр байгуулагдсан Улаанбаатар телевизэд 1998-1999 онд хамт ажиллаж байсан хүмүүс. Тэр үеэс л баримтат киноны уламжлалыг таслахгүйн тулд кино хийж эхэлсэн. Эхэн үедээ Улаанбаатар телевизийн хөрөнгөөр хийдэг байлаа. Сүүлдээ өөрсдөө санхүүжүүлэн кино бүтээх болсон. Ер нь бол түүхийг баримтат киногоор авч үлддэг гэсэн бодолтой, тэр уламжлалыг таслахгүй гэсэн эрмэлзлэлтэй хувь уран бүтээлчдийн нийгэмлэг юм л даа.
Жишээ нь энэ “Хоржийлоо”-г хийхийн тулд Жамсран ах бид хоёр 2008 оноос хойш Өвөрмонголоор явж, дайн тулаан болсон газруудын иргэдээс ярилцлага авах, зураг авах ажил хийсэн. Ер нь бол сайн чанартай баримтат киног дор хаяж гурван жил хийдэг. Нэлээд олон жилийн өмнө хийсэн О.Дашбалбар агсаны тухай "Шамбалд бичсэн захидал" баримтат киног гурван жил дуншиж байж гаргасан. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай “Бүрхэг шөнийн тэргэл саран” киног бараг хоёр жил гаруй хугацаанд хийсэн.
Баримтат кино бүтээгчдийн онцлог нь хүмүүст үзүүлсэн минут, секунд бүрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болохоор өгч буй мэдээллээ олон хэлний, олон талт эх сурвалжаар батлах хэрэгтэй болдог. Манайхан сүүлийн үед инноваци гэж их ярих болж. Ялангуяа түүхийн судалгаанд гарч буй шинэ нээлтүүд сайн баримтат кино болж байж хүлээн зөвшөөрөгддөг нь бичигдээгүй хууль болсон. Иймээс бид шинжлэх ухааны мартагдсан, харанхуй өнцөгүүдийг төнхөж, шашин судлал, түүх, угсаатны зүйн судалгаануудыг чанартай кино болгохыг зорьж ажилладаг.

-Танай нийгэмлэгийн хамгийн сүүлд бүтээгээд байгаа “Хоржийлоо” кино үзэгчдэд хүрч эхэллээ. Энэ киноныхоо хэрхэн бүтсэн талаар яриач?
-Бид өнгөрсөн жил хоёр кино гаргасан. Майдар сангийн захиалгаар бүтээсэн “Монголын майдарын соёл” нэртэй баримтат кино бүтээсэн нь олон нийтэд хүрсэн. Харин энэ “Хоржийлоо”-г өнгөрсөн онд “Эх орон” телевизийн захиалгаар бүтээж, тэр сувгаар нэг удаа гаргасан.
“Хоржийлоо”-г хийх санааг анх 1998 онд манай багш, нэрт төвдөч Л.Хүрэлбаатар хэлж байсан. Тэр үед би Булган аймгийн Хутаг-Өндөр, Сайхан, сумаар явж судалгаа хийхдээ Шаврон Данзангийн “Бээжинг эзлэх тухай” тангарагийн шүлгийг анх олсон. Ер нь хуучин Ханддорж Чин вангийн хошууны хөгшчүүл 1913 оны “Таван замын байлдаан”-ы тухай их дурсаж ярьдаг. Манай шинэ түүхэнд энэ талаар бараг хөндөж тавиагүйд ихэд сэтгэл дундуур байдгаа хэлж байсан.
Хатанбаатар Магсаржавын цэргийн тангараг байсан нэгэн шүлгийг тэр өвгөд ярьдаг байлаа.
“Нар сараар барин тангараглая
Няцаж буцсанаа буудан алъя
Нэгэн эцгийн хөвгүүд адил
Найртай сайхан явцгаая” гэсэн бадгийг Богд хаант Монгол улсын үед ч монгол цэргүүд цусан тангараг болгон өргөдөг байж.  Энэ бүхнийг мэддэг хөгшчүүл саяхан болтол амьдарч байлаа шүү дээ.Тэр хүмүүс харамсалтай нь “Таван замын байлдаан” буюу "Богдын шар цэргийн түүх" түүхэнд үнэн зөвөөр бичигдэхийг үзэж чадалгүй бурхан болжээ. Булганы Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгийн Цагаан нуур суманд энэ тулаанд оролцсон хүмүүс нэлээд олон байсантай уулзаж, түүх дурсамжийг нь яриулж авсан. Тэд домог биш бодит зүйл ярьдаг байсан юм шүү.
Манай уран бүтээлчид энэ киногоороо Өвөрмонгол ахан дүүстээ хүнийрхүү ханддаг тэр хандлагыг л өөрчлөхийг хүссэн юм. Бидний ар монголчуудад хамгийн их тус болсон, түүхэнд үнэн зөв байр суурь эзлэх ёстой Өвөрмонголчуудын түүхийг нээлттэй авч үзэх ажлын эхлэл болгохыг зорьсон хэрэг.

-“Таван замын байлдаан”-ы тухай түүх нэлээд өргөн хүрээнд судлах ёстой асуудал болох нь тодорхой. Уран сайхны кино бүтээсэн ч болохгүй гэх газаргүй байх л даа. Чухам энэ хоёрын зааг дээрээс л таны бүтээл гарч байна. Ийм асуудал хөндсөн гэхэд хагас цагийн бүтээл болсон нь чамлалттай санагдлаа?
    -Богинохон болсон гэдэгтэй санал нийлнэ. Харин хөндөж буй асуудал, чанарын хувьд богинодохгүй гэдэгт итгэлтэй байна. Кино бүтээхэд тус болсон Өвөрмонголчууд, нэртэй эрдэмтдээс эхлээд жирийн малчдын яриа дүрсийг аюулгүй байдлыг нь бодолцсоны улмаас оруулаагүй нь зарим талаар дулимаг санагдуулж байгаа байх. Уг нь олон талын байр суурийг харуулсан бол илүү сонирхолтой л болох байсан.
Киногоо хийхийн тулд Япон, Хятад, Оросын архив дахь материалуудтай танилцаж, энэ чиглэлээр дагнан судалгаа хийдэг манай цэргийн түүхчидтэй зөвлөлдсөн. Тиймээс энэ кино манай түүхчдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан, Цэргийн түүхийн хүрээлэнгийн Ч.Мягмарсамбуу гээд зөвлөж туслахаас гадна, сэтгэл гарган хүлээж байсан хүмүүс ч цөөнгүй бий.
Манай Өвөрмонгол ахан дүүсийн хамгийн гэгээлэг ой дурсамж, эргэн санадаг түүх нь энэ “Таван замын байлдаан”. Богдын шар цэргүүдийн хийсэн энэ аянаар Өвөр Монголын газар нутаг бүрэн чөлөөлөгдөж, нэг ч Хятад хүнгүй болсон гэдэг. Богд хаант Монгол Улс нэг жилийн турш Дундад иргэн улстай цагаан хэрмээр хиллэж байсан хэрэг.
Энэ тулаанд Өвөрмонголчууд маш их үүрэг гүйцэтгэсэн. Тэд унасан газар, угаасан усаа чөлөөлөхийн тулд амиа цөлөн тулалдсан байдаг. Чухам үүнээсээ болж 100 жилийн турш хавчин хяхагдаж ирсэн. Ар монголоос мордсон цэрэгт газарчилж, эд хөрөнгийн туслалцаа үзүүлж явсаар их цагаан хэрмэнд тулсан. Ер нь манай монголчууд их гүрнүүдийн үеэсээ хойш хилээс гадагш хийсэн анхны томоохон байлдааны ажиллагаа бол энэ юм.
Энэ байлдаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Тогтох тайж, Манлай ван Дамдинсүрэн нарын хүмүүс бол хятадын цэргийн өмнөөс өмнө нь ч олон тулаан хийж, ялж байсан арвин туршлага, өөрийн гэсэн дайны стратегитэй хүмүүс байжээ.

-Эерэг хандлага үгүйлэгдэж байна л даа. Өвөрлөгчдийг “Хужаа” гэх, өвөрлөгчид маань “Бид хужаа биш” гэх. Энэ бүхэн манай түүхийн сургалтын учир дутагдалтай байгааг харуулж байна гэж ойлголоо. Ер нь манай түүх бичлэгийн хандлага шинэ нийгэмд шилжсэнээр хэр хувирч шинэчлэгдсэн бэ?
-Ер нь бүх зүйлийг энэ зуунд багтаачих гэдэг. Энэ зуун дотроо сүүлийн 90 жил, МАН-тай холбочих гээд байдаг үзэл өдгөө ч амь бөхтэй байна. Өөрөөр хэлбэл аливаа үйл хэрэгт ангич намч үзлийн үүднээс хандаж ирсэн манай түүх бичлэг догматик хандлагаа одоо болтол гээгээгүй байна. Жишээлхэд манай албан ёсны түүх бичлэгт энэ үйл явдлын тухай “Таван замын байлдаан” гэсэн ганцхан өгүүлбэр бий.
Түүхдээ хүнийх рүү сэтгэлээр хандаж ирснээс болж, монгол судлал дахь түүх бичлэгийн зүйл дампуурлын шинжтэй болжээ. Өдгөө дэлхий даяар монголчуудыг төв азийн түүхэнд оруулсан хувь нэмрээр нь Манж, Хятад, Төвд, Орос эх сурвалж дээр тулгуурлаж судалдаг чиг хандлага давамгай байна. Ер нь монгол судлалын ихэнх зүйлс Төвд судлалтай нийлэх чиг хандлага харагдаж байгаа. Гэтэл манай монголд заавал МАН-тай холбочих гээд л үзээд байдаг. МАН өөрөө долоон боть түүхтэй. Монгол улс маань таван боть түүхтэй.
Түүхийн шинжлэх ухаанд дорно төвлөг, өрнө төвлөг, тариалан төвлөг гэж гурван ойлголт байдаг. Өрнө, Дорнын бичлэг рүү хэт савлалгүй “Тариалан төвлөг” буюу оршин буй, оршин байсан орон газраа төвд авч, илүү өөриймсөг байдлаар түүх бичих хандлагыг чухалчлах нь өдгөө цагт илүү чухал юм.
Түүх буруу, түүхийн бахархалт үнэт зүйлс, үйл явдлуудыг бичилгүй, зориудаар тойрон гарснаар үндэсний бахархал, үндэсний үзэл гэгч зүйл үгүй болж байна.
    Гэтэл умард хөршөө харъя. Өнөөгийн Оросууд бодлогоор үнэн алдартны шашин, оросын түүхийг буцаагаад засаж байна. Кино урлаг, уран зохиол ч энд хамрагдаж байна. Тэр бүү хэл төр нь шашны сүмд дуу дуулж, ил задгай бүжиглэсэн хамтлагийг хорьж цагдаж чадаад байна. Энэ бол төр нь уламжлалт шашин дээрээ тулгуурласан, үнэн бодит түүхийг бичихийг эрмэлзэж байгаагийн илрэл. Агуу их Орос гэдэг үзлийг үнэн алдартны шашны өвөөр хөшүүрэгдэн дотоод болон гадааддаа босгох гэсэн тэмүүлэл юм л даа. Оросууд өчигдөр тамхи татахыг хориглоход бид өнөөдөр хуулаад авчихаж чадаж байна. Гэтэл яагаад “Россиян” буюу “Агуу их Орос” гэсэн үзлийг босгож буй энэ хандлагыг хуулаад авчихаж болохгүй гэж.

-Энэ хандлагыг төлөвшүүлхэд танай нийгэмлэгийн бүтээлүүд тодорхой хувь нэмэр оруулж байгаа нь мэдээж хэрэг. Ижил зорилготой, эсвэл ижил хэлбэрээр уран бүтээл явуулж буй уран бүтээлчидтэй өөрсдийгөө жишиж харьцуулж үздэг биз дээ. Ер нь танай үеийн уран бүтээлчид дэлгэцийн урлагт жин дарж эхлээд байна?

-Манай нийгэмлэг бол баримтат, түүхэн, уран сайхны хэлбэртэй баримтат кино зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай байгаа. Мэргэжлийнхэн дундаа шүү дээ. Түүнээс биш бид бусдын ажилд хошуу дүрж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй. Ер нь болж өгвөл чанартай уран бүтээл хийхийг зорьж цуглардаг улс.
Манай телевиз ялангуяа баримтат кинонд хуучныхаар уран сайхны өнгө аяс гэж ярьдаг тэр зүйлийг барьж ажилладаг хүн өдрийн од шиг болчихжээ. Бид зөвхөн түүхийн баримтат кино хийгээд явсан юм биш. Урьд телевизэд байхдаа уран сайхны нэвтрүүлгүүд хийж л байсан. Ер нь манай “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн П.Бадрал бид хоёр, зохиол, найруулга тал дээр маш сайн гар нийлж ажилласаар ирсэн. Ер нь уран сайхны найруулгаар одоохондоо П.Бадралын өмнө гишгэх найруулагч монголд алга байна.
Биднийг анх телевизийн урлагт орж ирэхэд хамгийн их яригддаг байсан хэрнээ одоо хамгийн их орхигдож байгаа зүйл бол “Уран сайхан”. Уран сайхан гэж юуг яриад байнав гэхээр хүний мэдрэмж, яруу найргийн уран чадвар, найруулах урлагийн хамгийн дээд илэрхийлэл юм л даа. Манай залуус эвлүүлгийн найруулга зэргийг бол өндөр түвшинд хийдэг болж. Харин сэтгэлээсээ хандахгүй байгаагийнх ч юм уу, хүний сэтгэл рүү орж чадахгүй юм. Уран сайхны мөн чанар, үнэ цэнэ нь хүний сэтгэлд үлдэхгүй байна гэсэн үг. Телевизийн зориулалт уран сайхны гэхээсээ, мэдээллийн чиг хандлагатай болсон нь ч үүнд нөлөөлж байна. Харин манай нийгэмлэг энэ тал дээр чанарын баталгаа өгч чадна.
Бид шууд микрофон бариад камерын өмнө зогсоогүй, дэлгэцийн өмнө гарахын тулд телевизийн редактор болох бүх шат дамжлагыг туулсан хүмүүс. Ер нь түүх ч бай аливаа нэгэн уран бүтээлийн санааг хүнд хялбарчилж  уран сайханжуулах, тулган хүлээлгэх гэхээсээ өмнө аядуу зөөлнөөр ойлгуулах хэрэгтэй.

-Японд бол “Камиказэ”, Израильд “Массад”, Испанид “Армада” гэсэн үгс цэрэг армийнх нь хүч, эрмэлзлэлийг тодрхойлдог. Та бүхэн “Хоржийлоо”-г үүнтэй адил монгол цэргийн уриа дуудлага хэмээн гаргаж тавьсан байна. Ер нь манай цэргийн номлолд ийм хандлага оруулах гол түүхэн үндэс юу вэ?
-Энэ үгний үндэс нь бол “Лхаржалло” буюу “Тэнгэр ялах болтугай” гэсэн төвд үг юм. “Хоржийлоо”-гийн талаар маш сонин нэг мэдээ байдаг. 1903 онд английн жанжин Ян Хасбэнд гэгч 3000 цэргээр Лхасыг эзлэхээр цөмөрсөн. Тэднийг сөрөн зогссон төвдийн нум сум, сэлэмтэй цэргүүд хагас механикжсан цэрэгт хиар цохиулсан. Энэ цэргүүдийн дотор цөөнгүй монголчууд байсан гэдэг.
Тэгэхэд шархадсан төвд цэргүүдийг эмчилж байх үеэр Ян Хасбэнд тэдний хашгирч дайрсан уриа дуудлагын учрыг асуусан байдаг. Төвд цэргүүдийн хариулт тун сонирхолтой. XVI зууны үед монголчууд Төвдийг эзэлхээр цөмрөх үед  уулын дээд хэсэгт байсан төвдийн харуулууд “Хоржалло” буюу “Монголчууд ялан ирлээ” гэж хоорондоо дохиолдог байжээ. Ингэж хэл дамжуулахад тэр нь уулсын хооронд цууриатахдаа ихээхэн сүртэй сонсогддог байж. Ер нь тэр цагаас эхлээд Төвдийн ч арми, Монголын ч армид энэ үг уриа болон үлджээ. Энэ бол Ян Хасбэндийн өдрийн тэмдэглэлдээ бичин үлдээсэн зүйл. Хоржийлоо гэдгийн “Хор” гэдэг бол төвдөөр “Хоромсого саадагтан” буюу монголчуудыг нэрлэдэг үг.
Гол нь манай цэргийн түүхчид энэ тал дээр хангалттай судалгаа явуулсан. Гол нь төр ялангуяа ШУА академи “Таван замын байлдаан”-ы тухай судалгааг хүлээн зөвшөөрч, ач холбогдол өгөх сонирхолгүй байна. Энэ үйл явдлыг төр засаг нь нүдэндээ хавчдаггүй юм гэхэд хүмүүс нь дурсан санаг гэж хийсэн. Яагаад жирийн монгол хүмүүс энд болсон үйл явдлын тухай үнэн мөнөөр дурсаж болохгүй гэж? Тэртэй тэргүй манай монголын түүхийн шинжлэх ухаан арга зүйн хувьд мухардалд орсон. Тиймээс үүнийг зоригтойгоор гарган тавих хүн ч, хүсэл сонирхол ч алга. Манай түүхийн таван ботид энэ талаар “Таван замын байлдаан болсон” гэж ганц л өгүүлбэр бий. Ерөнхийлөгч болгоны нүүрэн дээр түүхээ сольдог ийм хандлага байж болохгүй л дээ.
Саяхан монголын сэтгүүлзүй 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Гэтэл батлан хамгаалах салбар нь сэтгүүлзүйгээсээ 10 насаар дүү байх юм. Ингэхээр монголын орчин үеийн зэвсэгт хүчний түүхийг сая хүрэхгүй иргэнийхээ дотроос 10 мянган цэрэг татаж, хүч илт давуу 70 мянган цэргийг угтан цохисон “Таван замын байлдаан” буюу 1913 оноос эхлэн тоолох ёстой гэж бидний уран бүтээлчид үзэж байгаа юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа

Я.Баяраа

Sunday, February 24, 2013

...Монголчууд ер нь үхэх учиргүй улс...

Ж.Осоржин ахынхаа ярилцлагыг сүлжээнээс  оллоо. Өнгөрсөн жилийн өдийд манай редакциар ирэхэд нь Д.Догсмаа эгч маань олзуурхан танилцаж, ийн бэсрэг хөөрөлджээ. 
Бүргэд шүүрэнг явдалтай, бүтэн цэлмэг ухаантай ах минь энхжингийн орноо одоогүй юм шиг, өдгөө ч үүд татан орж ирээд, өгч амжаагүй засмал гартаамаа гарт минь атгуулж, Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг хариуд бэлэглэх юм шиг... 
Ай даа эх оронд минь, хайлган хавар цаг ахин ирлээ дээ. Ахан минь...


Малчин Осоржингийн бүтээлийг Францчууд унших нь

Дундговь аймгийн Гурвансайхан сумын  Чулуут багийн малчин  Ж.Осоржингийн бүтээлийг Францад хэвлүүлэхээр болжээ.  Францын үе дамжсан хэвлэлийн компанийн захирал Жан Клод Фаскэль түүнд ийм санал тавьжээ.
Ж.Осоржин гуайгаас Улаанбаатар хотод ирсэн хэрэг зоригийг нь лавлахад, "Америкийн алдартай зохиолч Жак Уэтерфордын сангийн нэрэмжит шагнал гардуулах  ёслолын ажиллагаанд оролцож  шилдэг  шагналтныг тодруулах  хүндтэй үүргийг гүйцэтгэлээ.  Нийслэлд ирсэн бас нэг зорилго бол сүүлийн үеийн шинэ ном худалдаж авлаа. Аваад л байсан 50, 60 кг болчихлоо.  Бас “жор үзсэн ламаас  зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг буурын бохь, хулангийн ундаа, гиваан чулуу, чихрийн шижинтэй хүмүүсийн эрэлт хэрэгцээ болсон Ханбогдын Хөх морьтын хужиртай ирж ойр тойрныхоо өвдсөн зовсон ах дүүст тарааж өглөө дөө. Монгол хүн байгаль дээрх элдэв нандин нууцаа  мэддэггүйгээс болоод  хаана,  хэн, юугаар хийсэн нь үл мэдэгдэх элдэв төрлийн гадны эм, бэлдмэл бүтээгдэхүүнд хэдэн төгрөгөө урсгаж дуусаад эцэст нь өвчин олдог гэхэд нэг их хэлсдэхгүй"  хэмээн ярьсан нь сэтгүүлч миний  сонирхлыг ихэд  татаж редакцийн  зочноор урив.  

-Та яаж яваад Француудтай холбогдов? Өөрийн тань бүтээлийг франц хэлээр хөрвүүлээд хэвлүүлэхээр санал тавьсан гэж дууллаа?
-2010 онд Франц, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ  УДБЭТ-т болсон. Хоёр дахь нь Өвөрхангайн Орхоны хөндийд болсон. Харин  2012 онд Парис хотноо хоёр улсын дипломат харилцааны ойг тэмдэглэх юм билээ.  Энд таван Монголыг урьсан байна лээ. Чинаагийн Галсан, Г.Мэнд-Оёо, Г.Аюурзана, Т.Оюунгэрэл, миний бие багтжээ. Надад бэлдсэн юм их бий. Одоогийн байдлаар хэдэн симфони сонсож уран сэтгэмж, хөгжмөөр төсөөлөгдсөн дүрслэлийг үгээр илэрхийлж буулгасан. Уг нь миний номыг хэвлэхээс өмнө Парисын  радио, телевиз,  сонин хэвлэлээр танилцуулаад дараа нь ном болгож хэвлэх ёстой юм билээ. Гэтэл надад миний бичсэнийг франц хэлээр хөрвүүлчих  хүн олдсонгүй. Гэхдээ түрүүний соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр Францаас ирсэн эрдэмтэд, соёл урлагийнхан, хэвлэлийн газрын захирал  хөдөөгийн малчны тэрлэсэн хэлхээс  үгийг маань  орчуулагчаараа дамжуулж сонсоод намайг ихэд тоож урьж байгаа юм гэсэн.

-Та симфони сонсож уран сэтгэмж, дүрслэл буулгадаг гэлээ. Түүнийгээ жаахан тодруулахгүй юу?
- Ер нь ч би залуугийн хөдөө хээр мал дагаж явахдаа дэлхийн болон монголын симфони, сайхан аялгууг байнга сонсдог. Заримдаа нүдэнд яг нэг ийм л дүр зураг буугаад ирлээ гэхээр нь бичдэг.  Надад олон шүлэг байхгүй. Үндсэндээ 4 шүлэгтэй. Нийгмийн амьдрал элдэв бүхнийг хараад өөрийн эрхгүй үзэл бодлоо цаасанд буулгах гээд байдаг өвчтэй гэх үү дээ. Нэг симфонийг 6 сар сонссон ч удаатай. Моцарт, Бетховен, Ричард Клайдерман, Н.Жанцанноровын симфони, аязыг сонсдог. Жишээ нь Ричард Клайдерманы “Лэборди Мелодии” гэж их сайхан аялгуу байдаг. Үүнийг олон удаа сонссон. Тэгээд би “Далайн бишрэл” гэж уран сэтгэмж бичсэн.
“Өглөө эрт наран ургах цагт далайн мандал цэлийж, салхи эзгүйн шалтагт өчүүхэн ч долгисгүй галан шаргал гэрэл цацраасан их толин.
Хөлгүй далайн алс мандлаас ягуухнаа түрэн мандах, илчит наран зах хязгааргүй их устай өнгө гэрлээрээ сүлэлдэн байгаа нь далай нар хоёр хэн нь хэзээ илүүтэйгээр гэрэлтүүэн байгааг нь ойлгоход хэцүү гайхшрал авчирч орчлонд багтамгүй цацарсан нэл их гэрэл болохуйяа төрүүлсэн эх, төрсөн үр хоёр бие биедээ ийм их хайр нялхарал гэрэл, гэгээн баясал байдгийг өгүүлэн байна.
Шинэдэн мандаж буй наран өндөр тэнгэрийн зулайруу зүтгэн тэмүүлэвч сүүт эхийнхээ дэлэнгээс хөөс сахруулан зууралдах нялх тугал мэт сэтгэгдэхдээ тэнгэр эцэг, далай ээж, бүхий орчлонг дан ганц эгшиглэнд өнгөөр тодруулмуу” гэх мэт. Зөвхөн хагас хугасыг нь цухуйлгалаа.

-Та ямар сургууль төгссөн хүн бэ? Өөрийн бүтээлээр ном гаргаж байв уу?
-Үзүүлбэл 10 дугаар анги төгссөн гэрчилгээ бий шүү. Гэхдээ 1973 оны  4 дүгээр ангийн сайн боловсролтой. Түүнийгээ ч харин бүрэн хамгаална шүү. Би ном унших донтой. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ мэдээллийн дарангуйлалд орчихсон.  Ном уншдаг хүн үнэхээр ховорджээ. Одоо ч тэгээд хөөрхий хотынхон чинь амин зуулганы араас дайтаад хажууд нь хачин сайхан оюуны бүтээл хийчихсэн хүнээ ч анзаарах сөхөөгүй болчихсон үед би ном гаргаад илүүц биз. Малчин миний номыг хэн тоож үзэхэв. Харин  Парист Монгол малчны дотоод сэтгэлгээг анхаарч хүндэтгэлтэй хандаж байгаад туйлаас баярлаж сууна. Эдний буянаар номтой болох нь л дээ.

-Та хэр номын сонголт хийж уншдаг вэ,  Бүгдийг биш чухлыг нь уншдаг гэж ярьдаг хүмүүс ч байдаг?
-Миний сонголт өөртөө зөв. Ловор гуайн нэг хүнтэй хамтарч бичсэн “Ардын үлгэр зүйн домог” номыг хайгаад олсонгүй.  Академич Д.Цэрэнсодномын “Монгол ардын аман зохиолын тайлбар толь”-ийг авлаа. Д.Цоодолын “”Хөеө” өгүүллэгийн түүвэр, Ч.Эрдэнийн “Их гурвалжин”-г уншсан. Дахин шинэ ном гарсан гэж дуулсан. Түүнийг аваад уншчих юмсан. Б.Туяагийн орчуулга “Оспан  хэн байв”, Перживальскийн номыг авлаа. Эндрюсийн “Эртний хүний мөрөөр” номыг олсонгүй. Хүнд захиад үлдээлээ.  Энэ бол зөвхөн цөөн сонголтоо дурьдлаа.

-Хөдөө орон нутагт шинэ ном, хэвлэл сонин хэр шуурхай очиж байна?
-Өөрсдөө л унших номоо хот хүрээ ирсэн үедээ сонгож авахгүй бол яг тэр сайхан ном чинь очихгүй шүү дээ.  Номын худалдаа эрхэлдэг хүмүүсийн олж ирдэг ном  бол “Хуулийн эмхэтгэл”, Сургалтын материал, гарын авлага л байдаг юм. Надад очсон ном бол хөөрхөн халтар болно шүү. Хараад байхад  ЕБС-ийн сурагчид ном унших чадвар ч суугаагүй байдаг юм билээ. Төгсөхдөө  мэдээлэл технологийн мэдлэгтэй болоод төгсч байна гээд яриад байдаг. Гэтэл орон нутагт үүн шиг худлаа юм байхгүй.  Аймгийн төвд боломж нь байдаг л  байх. Сургалтын чанар нь үнэхээр тааруу.  Бүх шинжлэх ухааны эцэг буурал математик гээд ярьдаг. Би үүнд эргэлздэг юм. Математик бол бүх шинжлэх ухааныг тооцох аргачлал нь. Шинжлэх ухааны эцэг бол урлаг ч биш, шашин ч биш байгалийн шинжлэх ухаан. Ах нь 20 наснаасаа хойш номын донтой болсон. Нүүдэлчин амьдралтай юм болохоороо өнөө хэдэн номоо зөөж явах л хэцүү байдаг.

-Одоогийн бидний амьдарч буй нийгэмд таны хувьд санал нийлдэггүй, сэтгэлийг тань зовоож байдаг зүйл гэвэл?
- Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж ирээд л яриад байдаг. Иргэн нь төрийн эзэн байна. Төрийн дээд,  дунд шатны албан тушаалтнууд  ард түмний зарц байх учиртай гэдэг. Гэтэл үүн шиг худлаа юм алга. Тэр газар орноо онгичоод хэрүүлийн бай болоод ухаад аваад байгаа олборлосон түүхий эд, бүтээгдэхүүн  хаана, хэдэн төгрөгөөр борлодог юм бэ, хэд нь аж ахуйн нэгжийн  эзний халаасанд, хэд нь ажилчдын цалин болдог юм бэ, хэд нь үйлдвэрлэлийн зардалд явдаг юм бэ, хэд нь эргээд ямар хэлбэрээр  манайд төрд ордог юм бол, төр нь эргээд бидэнд яаж зарцуулдаг вэ. Төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт далд байхад нээлттэй, ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож чаддаггүй. Миний хамгийн гол бодож явдаг зүйл бол нээлттэй бодлого. Бүх юм нээлттэй байх учиртай.

-Хөдөөний ард түмний амин зуулга хэр байна вэ, Миний нэг бодол байдаг юм хаа газрын ченж нарыг устгах юмсан гэж. Хөдөөний ард түмнээс газар дээрээс нь  хямд төсөр үнээр  мах, цагаан идээг нь аваад хот руу хэд нугалаад зараад байдаг. Гэтэл үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр аль, аль талдаа амьдрал нь доройтоод байх юм?
-Ченжүүдийг устгах аргыг би маш хялбар шийдвэрлэж дөнгөнө шүү. Дээдсүүд мэдэж байгаа ч хүсэхгүйд гол нь оршоод байх шиг. Хотод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэг томхон бирж байгуулья л даа. Тэнд би махаа чирээд ирлээ. Хуулийн дагуу тэддүгээр багийн малчин, тийм зүсмийн мал, эрүүл мэндийн бичигтэйгээ.  Шууд зогсоод иргэдэд зарчихаад явдаг. Ногоогоо чирээд ирлээ. Зоорьтой нөхөр бөөндөөд авчихлаа гэхэд энэ нөхөр ногоочноос авсан үнэнээс хэр нэмж зарж байгааг хяначихдаг. Хэтэрхий нэмж зараад байвал татварыг нь өндөр тавиад өгчих. Тэгвэл ченжилж чадахгүй шүү дээ.

-Та хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ хэр борлуулж байна вэ,  Тэмээ өсөхгүй, ховордоод байгаа гэж ярьдаг?
-Тэмээг мах гэж ойлгож болохгүй. Ачдаг, унадаг. Нүүдлийн Монгол ахуйтайгаа холбоод өгвөл аялал жуулчлал хөгжинө. Тэр сайхан ингэний сүү, ингэний хоормог.  Өнөө  цунами болсон цацраг туяаны хордлогод өртөөд байгаа Японд хэрэгтэй. Магадгүй 80-иад оны Чернобылийн атомын цахилгаан станцын хордлого одоо ч гараагүй байхыг үгүйсгэхгүй. Энд би нэг юм олж харсан. Хавдрын эмчилгээ хийлгэсэн химийн эмчилгээний хордлого, туяаны хор хоёрыг ингэний түүхий айраг маш хурдан хөөж чаддаг.  Үүнийг бид аль хэдийн амьдрал дээр хэрэглээд мэдчихсэн. Нөгөө айхтар  шинжлэх ухааны том байгууллагууд нь судлаад нотлоод өгөөч ээ. Хүн төрөлхтөнд ч тус болог.  Дэлхийн зах зээлд хаа ч байхгүй Монголын  ингэний хоормогийн бүтээгдэхүүн брэнд болно. Нэг литр ингэний айргаа хоёр литр бензиний үнээр борлуулчихаач. Ингээд ирвэл тэмээ өсгөх сонирхол хар аяндаа амьдралын шаардлагаар буй болно. “Монгол тэмээ нийгэмлэг” , “Хөдөө аж ахуйн үржил селекцийн алба”,  “Тэмээ хамгаалах нийгэмлэг”, “Говийн төлөө” гээд л баахан ТББ байдаг. Нэгнээс нь ч ийм тодорхой санаачилга гардаггүй.  Буурын бохь нь гэхэд л хавдрын вирүсийг томруулахгүй яг барьдаг. Бүр устгах ч чадвартай.  Манай нутгийн олон хүн хэрэглэж цэнхэр тэнгэр, алтан нараа хараад амьд сэрүүн алхаж явна. Эмнэлэг найдваргүй гээд явуулсан л байдаг. Одоо ч олон хүн хэрэглэдэг.  Буурын бохь, ингэний сүү уугаад үхсэн хүн гэж сонсоогүй.  Монголчууд ер нь үхэх учиргүй улс юм шүү дээ. Байгальд нь тийм сайхан олон төрлийн эд шидтэй өвс, ургамал, биологийн цэвэр бүтээгдэхүүнүүд байхад. Даан ч мэддэггүй нь харамсалтай.

-Та энэ бүгдийг яаж мэдсэн хэрэг вэ?  Маарамба маягийн хүн үү?
-Би маарамба биш. Буддын сахилтай хүнийг л маарамба гэх байх даа. Намайг хөдөөний хэдэн цөлх өвгөчүүл, эмгэдийн амийг сайн ухсан. Дагаж их явсан хүн л гэж ойлго.  Буурын бохийг усанд өнгө оруулж уусгаж хэрэглэдэг. Халуун усанд  хийгээд буцалгачихвал тэр хэрэгтэй фегмент нь задарчихдаг. Өөрийн жаахан мэдсэн, дуулснаа хүнд хүргэхсэн гэж зорьдог. Цагаан , улаан гоёо, Говьд ургадаг. Амьтан жимстэй андуураад байдаг юм. Улаан гоёо элсэнд ургадаг. Цагаан гоёо нь хаварт хальсыг нь хуулчихсан боргоцой шиг ягаан цэцэг сарвайгаад гараад ирдэг. Цагаан гоёог хавдартай хүмүүс хэрэглэхэд тустай. Хавдрын вирүсийг устгаж үгүй болгохгүй ч томруулдаггүй, тархаадаггүй. Яг хэмжээнд нь барьж чаддаг. Хөдөөгийнхөн чинь хар тугалга, миламин хоёрт хордоод байгаагаа тэр бүр мэддэггүй. Аккумлятортойгоо нэг гэрт унтдаг.  Хятадаас орж ирсэн хуванцар сав суулганд идээ, ундаагаа хийдэг. Үүнээс чинь миламин ялгардаг юм билээ. УМХГ, ШУА  үүнийг судлаад хэвлэл мэдээллээр ард түмэндээ хэлчихэж бодоггүй юм байхдаа. “Хорт хавдраар өвдсөн хүнийг тэгэж ингэж эдгээнэ гэж  нийлж хуралдаад бизнес хийх гээд жүжиглээд байхаас биш. Энэ  чинь ийм хортой шүү гээд ЭМЯ, ШУА чинь  нийгэмд цацчихаж болдоггүй юм байх даа”. Манайхан даралт харвалаа л гэдэг улаан гоёог даралт ихдээд байдаг хүмүүс хэрэглэхэд маш сайн үр нөлөөтэй. Харвасан хүмүүс ч их хэрэглэдэг. Жаахан нүдсэн хэсгийг долооход цээж хорсдог зүгээр болдог.Элэгний чулуун гиван нь элэгний церроз, элэгний хавдар болохоос урьдчилан сэргийлдэг. Ходоодны шороон гиваныг хагалаад доторх өндөгний шар шиг хэсгийг  цайндаа үйрүүлж хэрэглээд байхад ходоодны шарх, ходоодны өвчтэй хүнийг гаргаахгүй. Хулангийн ундаа гэж ургамал бий.  Элэгний үрэвсэл, хавдар болох шинжинд очсон хүн уухад бас сайн нөлөө үзүүлдэг.  Би нутгийнхаа элэгний хавдар оноштой 70 гаруй насны хөгшинд уулгасан. Царай нь шингэрээд босоод ирсэн дээ.” Цулбуур цахилдаг” гэж ургамал байна.  Эмэгтэйчүүдийн элдэв төрлийн өвчин, даарч хөрснөөс цистит туслаа гэдэг шүү дээ. Түүнд маш сайн. Шинжлэх ухааны талаасаа нотлогдоогүй ч практик дээр хэрэглээд эдгэх нь эдгээд амьдарч байна шүү дээ.  “Тогоогийн хужир” судасны ханан дахь өөх, тосыг  саармагжуулдаг. Хаван хөөдөг. Харин зүрхэнд харш талтай. Цус харвахаас урьдчилан сэргийлдэг.  Эх орны маань хэвлийд ургадаг олон сайхан байгалийн хишгийг хэрэглэхэд эм болно уу гэхээс  хор болдоггүй. Үүнийгээ Монголчууд мэдэж хэрэглээд байх юм бол үхнэ л гэж байхгүй.   Туулаас урагш ургадаг цагаан мөөгөө түүгээд ид.  Биднээс илүү Хятадууд мэдчихээд түүгээд хэрэглээд байг юм билээ. Төрөх хүнд өгөхөд их хэрэгтэй.  Цус бүлэгнүүлэхэд тустай. Цэвэрлээд хоолонд шарж хэрэглэхэд ямар сайхан амттай гээч.

-Та хэдий хэр толгой малтай вэ?
-2000 онд нэлээд хэдэн малаа үхүүлсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг юм билээ.  Би арчаагүй дээ биш. Тэгээд амь зуух арга хайгаад Өмнөговь руу айлд зарагдаад тав гурван тэмээ олж ирсэн. Миний малласан мал дороо өсдөг. Хүмүүс ч малаа маллуулах дуртай. Хөлсөндөө мал авдаг. Ингээд эргээд малжиж байх шив. Ер нь ахынх нь нэг бодол байдаг юм. Их  сайхан ухамсартайгаар хэлэх юм бол төр, нийгэмд бага дараа болохсон. Амьдралын хувьд насны бөгсөнд айхтар эмгэнэлтэй гуйлгачин баймааргүй санагддаг учраас малжих сэтэхүйтэй хүн. Надад өшөө хийж чадах ажил байхгүй л дээ. Энэ жил туулай жил. Гурван туулай жил үзсэн. Бүгд л зудтай байсан. Хөдөөний хүн зон, туулай, гахай, бичин жилээс жийрхдэг.  Давтамж гэдэг талаар нь үзэх юм бол зуд болох янз ажиглагдаж байна. Гэхдээ харьцангуй гайгүй шүү. Хуучин 10, 20, 30 жилийн өмнөх шиг олон төрлийн борго өвс одоо алга. Гэхдээ малын гэдэс, зай бөглөчих юм байнаа. Энэ хавартаа мал дажгүй төллөчихнө гэж бодож суугаа.

Д.Догсмаа 
"Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
Дотоод мэдээний нэгдсэн редакци"

Friday, June 22, 2012

БААТРУУД

Манай үед баатар олон болжээ. Мөөг борооны дараа л ихээр ургадаг бол манай үеийн "Баатар"-ууд хэзээ ч хамаагүй төрцгөөх юм. Яг юуг хамгаалж, ямар үйл хэргийг оройлон манлайлсан нь тодорхой бус эдгээр "Баатар"-ууд найрын ширээний ууц таллаж, байрны түлхүүр гардах төдийхөн явсаар цагийн тоосонд дарагдан мартагдана. Нар урьдынхаараа л мандаж, хүний амьдрал мянган мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй өрнөсөөр л ирсэн тэр л янзаараа үргэлжлэх болно. Бид дахин "Баатар" төрүүлэн хөөрцөглөх л байх л даа. Гэхдээ бидний дунд хэзээ ч мартагдах ёсгүй, мартваас тэр нь манай үндэстний мөхлийн цондон болох жинхэнэ баатрууд амьдарч байсныг мартаж болохгүй.  Мартаж болохгүйн учир нь тэдний хамгаалж байсан үзэл санаа, оройлон манлайлсан үйл хэрэг нь Монгол хэмээх улсын орших, эс оршихтой холбогдож байв. 

 


ОЮУН САНААНЫ ТЭМЦЭЛ

Очирбатын ДАШБАЛБАР. Тэр аж төрөхийн зовлонгоос ангижирсан хүн байв. Тэр ард түмнийхээ зовлонгоор зовж, зовлонгийнх нь шалтгааныг мэдэж, мэдрэх тусмаа чангаран хатуужсан тэмцэгч байв. Ард түмнийхээ нулимсан дундаас өндийсөн ийм л охид хөвгүүдээ монголчууд “Эх оронч” гэдэг. О.Дашбалбарын хувьд “Эх”-ийн ариун хэвлийгээс заяаж төрсөн энэ л “Орон” нь хүн чанар, үзэл санааных нь тулах цэг болсон юм.
“Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь...” хэмээн тэрбээр 21-хэн насандаа бичиж байжээ. Хорин нэгэн жилийн хойно амьдралын сүүлийн өдрүүддээ ч тэрбээр “...Монгол орныг, Монголын ард түмнийг Монгол хүнээс илүү хэн ч хайрлаж чадахгүй. Гадаадынханд монголын газар нь л хэрэгтэй. Монголчуудаар тэд дутаагүй. Бид улс үндэстнээ аврахын тулд Монголоо гэсэн сэтгэлийг дээд зэргээр хөөрөгдөж, Монгол хүн авьяас билиг, оюун ухаанаар ямар ч ард түмнээс дутахгүй, Монгол орон дэлхийд ганц давтагдашгүй улс гэдгийг ойлгуулах ёстой” хэмээн бичжээ.
    Үзэл суртлын буулган дор дарагдаж мартагдсан хэл соёл, шашин уламжлалаа сэргээх тэмцлийн тэргүүн эгнээнд О.Дашбалбар явсан юм. Ардчилсан хувьсгалаас аль өмнө 1980-аад онд тэрбээр Их хүрээнээс үлдэж хоцорсон “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм музей” зэрэгт хадгалагдаж буй монголын түүх соёлын үнэт өвүүд хэрхэн мөхлийн ирмэгт тулсан тухай, хэлмэгдүүлэлтийн үеэс эхлэн монголчуудын хэдэн зуун жил шүтэж ирсэн шашин соёлыг нь өрнийн боловсон тогтолцоогоор солин сайжруулах нэрээр устгах төлөвлөгөө хэрэгжүүлснээс болж монгол түмний буян заяа хэрхэн доройтсон талаар тэр цэл залуудаа анхлан бичиж байв.
1989 онд “Монголын Сүсэгтний холбоо”-ны анхдугаар их хуралд дээр хэлсэн үгэндээ О.Дашбалбар: “-Улсын маань Ерөнхийлөгч жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Гандантэгчилэн хийдэд очиж, ард түмэн, улс орныхоо хувь заяаг даатган, үйлс ажил нь бүтэхийн ерөөл билэгдэж Очирдарийн мандал өргүүлдэг уламжлалтай болбол зон олны минь сэтгэл ихэд сэргэхсэн, бид бүгдийн хийморь лундаа ч сэргэж, нүгэл хилэнц нь нимгэрэн, олноор эдлэх гай барцад багасахсан!” гэж өгүүлсэн байх юм. Хэдэн жилийн дараагаас санаа нь биеллээ олж Төрийн тэргүүн маань Гандантэгчилэн хийдэд шинийн нэгэн бүр мөргөн ард түмнийхээ буян заяаг даатгах болсон билээ. Гэтэл хоёр жилийн өмнөөс энэ ёс яагаад ч юм тасалдав!?
Цэл залуугийнх нь бадгууд эх орноо гэх хайраар халгиж, эх байгалиа шүтэн дуулсан, шүлгэн дундуураа гол мөрнөө урсгасан “Намуун уянга”-аар халгиж байсан нь өдгөө Монгол хэлтний яруу найрагт шинэчлэл хэмээн үнэлэгдэх болов.
О.Дашбалбар ид хийж бүтээх насандаа хорвоог орхижээ. Газар шорооныхоо төлөө тэмцэлд хүчин туслах хүнгүй болж, “Ганцаардсан чоно” мэт явсаар, эмнэлгийн орон дээр шаналж хэвтэхдээ:
“...Ганц өдөр, ганц өдөр
Ганц агшин, ганц агшин, ганц агшин...
Газар дээр хүнд туслах он жил хайрла...” хэмээн залбирсаар л тэр бидний дундаас явсан юм.
Өнөөдөр О.Дашбалбарын тэмцэж, УИХ-ын чуулганы индэрээс цогтой халуунаар хэлж явсан үг нь бидний орой руу орж байна. Тэртээ 1999 онд О.Дашбалбарын “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна” гэсэн үгсийг тэр үед нь уужуу ухаанаар эргэцүүлсэн бол, галзуу солиотоор нь дуудаж доромжлоогүйсэн бол гэж эрхгүй бодоход хүрч байна. Газар нутгийг минь онгилж, эд баялгийг минь хил давуулан зөөх харийн хүмүүсийн ашиг сонирхолыг төрийн түшээд маань ам мэдэн хамгаалах болсон энэ үед О.Дашбалбар шиг баатарыг “Эх орон”, элгэн түмэн нь үгүйлж байна.


ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭМЦЭЛ

Баатрууд өдөр бүхэн үгээ хэлдэггүй. Баатрууд хэрэгтэй үед нь үгээ хэлж, үйл хэргээ эхлүүлдэг. Тэд ард түмнийхээ эмзэг шархан дээр давс цацах шиг ядуу байдал дээр нь дөрөөлж эд мөнгө тараан сэтгэлийг нь татах нэрээр доромжилсноо гавьяат үйлс хэмээн сурталчилдаггүй юм. Тэд намын бус “Эх орон” хэмээх нэг л ашиг сонирхолыг тууштай барьж, үзэл суртал, баруун зүүн бус “Эрх чөлөө” хэмээх нэг л үзэл санааг хэлбэрэлтгүй хамгаалж иржээ.
Монгол түмэн эрх чөлөөнийх нь халх бамбай болсон эрхэм хүүгээ алдаад 14 жил өнгөрч байна. Гэрийнхээ босгон дээр, ханийхаа нүдэн дээр бусдад хороогдсон тэр хүү нь “...гэхдээ би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж итгэлтэйгээр өгүүлсэн юм.
Санжаасүрэнгийн ЗОРИГ-ийн хүрэл хөшөө өнөөдөр наран ургах зүг, төрийн ордон руу ширтэн зогсож байна. 
Сайтар бодвол 1990 оны хувьсгал бол түүний тэмцэлийн зөвхөн эхлэл нь байлаа. Эрх чөлөө бол хийсвэр үзэл санаа биш, бодит үйл хэрэг гэдгийг мэдэж, нийгмийн шилжилтийн явцад ямархан хүнд зам туулахыг эрх биш төсөөлж байсандаа хөөрцөглөж дэврээгүй С.Зоригийн  холч ухаан, дөлгөөн зан “Цагаан морин жилийн хувьсгал” тайван замаар өрнөхийн үндэс болжээ.
“Эцсийн эцэст улс үндэстний эрх ашиг гэдэг бол ямар ч улс төрийн хүчний эрх ашиг, ямар ч сонирхолоос дээгүүр зүйл юм шүү!” гэсэн үгийг тэр насан эцэслэтлээ амны уншлага болгож, “Нийгмийг тодорхойлогч гол хүчин бол нийгмийн дотоод харилцааг зохицуулах явдал” хэмээн хар залуудаа сурвалжлагчид ярьж байжээ.
“Нийгмийн дотоод харилцааг ухаалаг зохицуулж”, “Улс төрийн хүчний эрх ашиг бус, үндэстний эрх ашгийн үүднээс” асуудалд хандахыг шаардан парламентын гишүүдийг хүүхэд шиг сургаж асан энэ хүчирхэг улс төрчийг нийгмээс эгнэгт зайлуулах нь харийн сурталаар бамбай хийж, “Эрх чөлөө” гэсэн нэрээр тонуул явуулахыг хүсэгчдийн л хүсэх, хийж чадах үйлдэл байсан юм.
С.Зоригийг хороосны дараа аль 1994 оноос түүний хөндөн ярьдаг байсан “Авилгал” хэрхэн цэцэглэж, ардын нуруун дээр татсан аалзны тор нь одоо оюун санаа руу нь эд баялагийн хуурмаг дүрээр довтолж эхэлсэнийг та бид бэлээхнээ харж байна. -“Та төрийн хишгээ хүлээн тайван сууж бай. Бид өмнөөс чинь гүйе” хэмээн алт амлацгаах хүмүүсийн дундаас алуурчиныг хайх нь үнэнд нийцэнэ. Тэд улаан гараараа түүнийг хөнөөгөөгүй ч хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхэн нь С.Зоригийн амь амьдралаараа хамгаалж, бодит үйл хэрэг болгосон “Монгол хүний эрх чөлөө”-г хороон боомилж байна.
Өнгөрсөн хорин жилийн улс төрийн тэмцэл, явцуу эрх ашгийн тоглоомонд цэг тавих цаг нь ирсэнийг сүүлийн үед монголын нийгэмд өрнөсөн үйл явдлууд бэлхнээ харуулж эхэллээ. С.Зоригийн үхэл Монголын нийгэмд аюулын харанга дэлдсэн юм. Энэ бүхнийг нүдээр үзэж, чихээр сонссон нэгэн үеийнхэн өдгөө эрийн цээнд хүрч, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх, хамгаалах зориг зүрх эрдэм боловсролтой болж, нийгэмд байр сууриа эзэлжээ.
С.Зоригийг хөнөөсөн ч монгол хүний зоригийг хөнөөж чадаагүй юм. Чухамхүү нухацтай асуудал ярьж, улс төрөөр хийрхсэн олны урсгалыг хэтийн бодлого агуулсан хэдхэн үгээрээ залж чиглүүлж асан тийм хүчирхэг оюун санааны удирдагчаа л ард олон үгүйлж байна. Тиймээс шинэ үеийн зүг найдлага тавин харж байна.


ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ

Хоорондоо 5 жилийн зайтай хорвоод ирж, ганцхан жилийн зайтай мөнх бусыг үзсэн хоёр хүү нь ард олныхоо сэтгэл, их түүхийн дэнсэнд “Баатар” болон мөнхөрчээ.
Гэтэл өнөөдөр бидний дунд О.Дашбалбар шиг, С.Зориг шиг баатрууд алга гэж үү? Үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхолын утсан хүүхэлдэй болсон улстөрчдийн дундаас ард түмэн арван хэдэн жил баатраа хүлээлээ. Одоо дундаасаа эрэх цаг болжээ. Эх орныхоо баялгаар дэнчин тавин байж хариас зээлсэн бохир мөнгөөрөө ард олныхоо сэтгэлийг хуурагсдад “Итгэл өгөхөөс татгалзах цаг” иржээ.
“Баатар” баатар чигээрээ төрдөггүй. Түүнийг түмэн олных нь итгэл сэтгэл түшиж босгодог юм.
Нэгэнтээ О.Дашбалбарын хэлсэнчлэн, “Жижигхэн Монголыг аугаа их Монгол болгоход гагцхүү үндсэрхэг үзэл хэрэгтэй”.
Нэгэнтээ бас С.Зоригийн сурвалжлагчийн асуултанд хариулсанчлан,
“-Ухаан авьяас хоёр юугаараа ялгаатай вэ?
-Ухаан өөрөө авьяас юм”.

Сонгууль гэдэг шударга иргэний хамгийн бодит тэмцэл. Зөв сонголт хийнэ, ухаалаг сонголт хийнэ гэдэг өөрөө авьяас юм. Тиймээс монголын ард түмэн энэ сарын 28-ны өдөр шударга ёсны тэмцэл хийх болно. Монгол түмнийг минь буян заяа нь түших болтугай.

Я.Баяраа

Wednesday, April 25, 2012

ИХ ТҮҮХЭЭ ЦОГЦООР ХАРАХУЙН ЭХЛЭЛ


 "Түүх бол агуу их багш, түүнээс суралцах нь мөнхийн усыг уухын адил" хэмээх мэргэдийн үг бий. Хаад дээдсийн албатууд түүхээ дэнслэн үлдээх нь бий ч, хаан ухаантан мэргэдийн чөмгөө дундлан бичсэн судар шастир, уран зохиолын хэв дурсгалаас л бид эрт цагийн амьдралыг тольдон хардаг билээ. Магад уран зохиол гэдэг бидний өнгөрсөн цаг руу харах цонх юм. Тэр цонхоо цаг ямагт цэвэр тунгалаг байлгах нь хойчийн мэргэдийн үүрэг билээ. Тийн цэвэр тунгалаг байлгахын үндэс нь цөхрөлтгүй эрэл хайгуул, цуцашгүй хөдөлмөр, тэдгээрийг тэтгэх авьяас боловсролын хэрэг юм.
Энэ удаа уншигч та бүхэнд Монголын түүхийн гайхамшигт агшнуудыг нэгтгэн олны сонорт хүргэхийг зорьж сүүлийн арав гаран жилийн хөдөлмөрөө зарцуулсан нэгэн "Бүтээлч"-ийн "Бүтээл"-ийг танилцуулж байна.
Хори Буриадын Бодонгууд овогт ДӨШ нь Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. 1985 онд арван жилийн сургуульд орж, 6-дугаар ангиасаа сургууль завсардан мал маллаж байгаад, 17 насандаа сургуульдаа ахин суралцаж төгссөн. 1997 онд МУИС-ын Эдийн засгийн сургуульд элсэн суралцаж төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ санхүүгийн байгууллагад ажиллаж байгаад 2002 оноос төгссөн сургуульдаа мастерийн зэрэг хамгаалахаар суралцахын хажуугаар багшилсан.
Тэрбээр, Монголын түүхийн талаар ойрын хорь гаран жилийн судалгааныхаа үрээр туурвин бүтээсэн "Монгголын их тобчиан" туульсын яруу найргийн номоо өнгөрөгч оны эцсээр хэвлүүлжээ. Шүлэглэх ур маяг, бичвэрийн хам орчинд түүхийн агуулгыг багтаах арга зүйн хувьд монголын уран зохиол, түүх бичлэгийн түүхэнд нээлт болсон эл бүтээлд ертөнц үүссэн тухай домгоос эхлээд, монголын эртний түүхт их улсууд, байлдан дагуулал, бутралын үе, эв хамт ёсны үе, нэн шинэ түүхийн үеийн хамаг чухалд тооцогдох олон мянган эш баримтуудыг баялаг судалгаа, он дараалын хамт багтаасан нь олзуурхууштай юм.
Ямар ч мэргэн ухаанаас мохоо харандаа хурц гэх эртний үг бий. Эх түүхийнхээ гүн рүү, гүнээс нь гадаад шалтгаан руу шунган орж, залуу насаа бичгийн үйл хэрэгт зориулсан нэгэн идэр бичээчтэй төсөрхөн хөөрөлдсөнөө уншигчиддаа хүргэхэд таатай байна.



-Юуны өмнө “Монголын их товчоон” номоо хэвлүүлсэнд баяр хүргье? Энэ номоо бүтээхэд хэдий хугацаа зарцуулав?
-Ерөнхий ажил маань 1999 оноос эхэлсэн. Бидний бариад сууж буй энэ ном бол гурав дахь хувилбар нь байгаа юм. Эхний бичлэг туршилт судалгаа маягаар бичигдсэн. Тэр хувилбар маань олон зүйлээр учир дутагдалтай санагдсан болохоор нэмэн засамжилсан.

-Анх энэ бүтээлийг бичих санаа ийм даацтай байсан уу? Яваандаа ийм цогц байдалтай болов уу?
-Дунд сургуульд байхаасаа л би монголчуудын овун санааны өвийг нэгтгэсэн том хэлбэрийн зохиол бүтээхийг зорьж мөрөөдөдөг байлаа. Гэхдээ, түүхчилсэн яруу найргийн ийм хэмжээний бүтээл туурвих санаа анхнаасаа байсан гэж хэлэхгүй л дээ. хар багадаа шүлэг бичдэг байсан. дунд сургуульдаа тэмцээн энэ тэрд ордог л байлаа.

-Ер нь яагаад заавал нарийн тогтолцоо бүхий шүлэглэсэн хэлбэрийг сонгосон бэ?
-Аливаа үндэстний хэлний сонгодог дээд хэлбэр бол яруу найраг байдаг. Тэгээд ч ийм хэмжээний, ийм агуулгатай бүтээлийг бичих хамгийн тохиромжтой хэлбэр нь туульсын яруу найраг байсан. Гэсэр, Жангараас эхлүүлээд их хөлгөн туульсаас ч үүнийг харж болно. Эдгээр туульс 8 мянгаас 30 мянга хүртэл шадтай байдаг юм билээ. Тийм ч учраас Монголынхоо түүхээр мөн нэг сайхан бүтээл гаргаж болно юм биш үү гэсэн санаа төрсөн л дөө.
Түүхчидийн дотор түүхийг яруу найргаар бичих боломжгүй гэсэн яриа байдаг. Ер нь дэлхий дээр өөрийн түүхийн ийм бүрэн хэмжээнд яруу найргийн туульсын хэлбэрт оруулж бичсэн тохиолдол байхгүй л болов уу. Мэдээж хэрэг хэсэгчилсэн бүтээлүүд хаана ч байдаг. Манай Монголын нууц товчоо үүний нэг жишээ. Түүнд туульсын хэлбэр яруу найраг, үргэлжилсэн үгийн аль алингаар нь илэрдэг.
Миний энэ номын хувьд хураангуй хэлбэрээрээ 48000 шад бүхий шүлэглэсэн бүтээл болсон.

-Гуравт биш, дөрөвт биш, заавал зургаан мөрт хэлбэрээр шүлгээ хайрцагласан нь сонирхолтой байна?
-Энэ бол санамсаргүй тохиолдол байсан л даа. Дөрвөн мөртөөр ч юм уу явуулах бодол байсан. Зургаан мөрт сонгоход хүргэсэн гол шалтгаан бол багтаамж. Энэ маягаар шадласнаар утга санаа агуулгын багтаамжийг жигд мөртлөө илүү их хэмжээгээр зангидах боломжтой болсон.

-Номын бүтэц, бүлэглэл их сонирхол татаж байна л даа?
-48 мянган шад бүхий энэхүү бүтээл маань 68 бүлэгтэй. Монголын түүхтэй холбоотой бүхий л чухаг үйл явдалуудыг оруулах хичээсэн. Үүнээс гадна тухай үйл явдалын түүхэн он дараалал, нас, үргэлжилсэн хугацаа зэргийг тухай бүрд нь хадаж өгсөн.
Ном "Монгол домог" гэсэн бүлгээр эхэлнэ. Улмаар эртний улсуудын бүлгүүд, Их монгол улс буюу Чингэс хааны үе болон үр ач нарынх нь байлдан дагуулалын түүхийг бүрэн эхээр нь оруулсан.  Эдгээр түүхийг "Монголыг нууц точвоо"-г бүрэн эхээр нь барьж бичсэн. Монголын нууц товчоо бол манай уран зохиол, түүхийн "Сонгодог ном" шүү дээ. Байлдан дагуулалын дараагаар түүний үр дүнгээр байгуулагдсан монгол үндэстэний улсуудын тухай арваад бүлэг үргэлжилнэ. Эдгээр бүлгүүдийн дараа дөчин монгол, дөрвөн ойрадын түүхийн бүлэг, чингээд Зүүнгарын түүх, элдэв ханлигийн түүх гарч ирнэ. Бага хаад, бутралын үеийг эдгээр ханлигуудын түүхээр мөшгөн тодруулснаар Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын түүх сөхөгдөх болно.
Ер нь монголын их тал нутагт үүсэн бий болсон төрт улсуудын түүх энэ номноо багцлагдсан гэж ойлгож болно.

-Таны амьдралын замналыг сонсож байхад, түүхийн чиглэлээр суралцаж, зэрэг хамгаалсан зүйл байхгүй байгаа нь бага зэрэг эргэлзээ төрүүлж байна?
-Аав ээж маань яруу найраг, үгүйлэхүйн урлагийн авьяастай хүмүүс байдаг. Түүхийн сонирхох болсон гол шалтгаан  гэвэл Нацаг аав маань хэдий бичиж өв болгоогүй ч эрт үеийн түүх, хууч яриа, үлгэр домог үргэлж ярьдан хүн байсанта.й холбоотой. Зүгээр л хөдөө малаа маллаад, дарх хийгээд аж төрж асан энэ хүн надад зүйргүй ихээр нөлөөлсөн дөө. Үүний сацуу үсэн буурал баавай нарын үг сургааль ч түүхийг бага сага гадарладаг болж, энэ талаар анхдаг ухагдахууныг олж авах үндэс болсон.

-Танай удамд туульч хүн байсан уу?
-Туульч хүн манай удамд байгаагүй байх аа. Харин нагац ээж, эцэг эх маань шүлэг холбоолж ярьдаг яруу найргийн авьяастай хүмүүс.

-Ийм том хэмжээний бүтээл туурвихад лавлагааны материалаар зогсохгүй зүйл бүрийн ном судар хэрэглэсэн нь ойлгомжтой. Тэдгээрийнхээ талаар дэлгэрүүлж яривал...?
-Мэдээж хэрэг. юун түрүүн "Монголын нууц товчоо"-г яруу найргийн хэлбэрт оруулж бүрэн эхээрээ багтсан. Нэмээд "Алтан товч"-оос дийлэх бүлгийг нь оруулсан. Эртний түүхийн гол судрууд болох Арабид 1290-ээд оноос 1308 он хүртэл бичигдсэн Рашид-Ад-Диний "Судрын чуулган" хэмээх эш бүтээлээс маш чухал эх сурвалжуудыг ашигласан,  "Болор толь"-иуд, Саган Сэцэний "Эрдэний эрхи", "Шар тууж"-аас эхлээд Рубрукийн "Дорно этгээдэд зочсон тэмдэглэл" гээд маш олон бүтээл олж, цуглуулан, судалсаны үндсэн дээр энэ номыг бичлээ. Номын хойно ашигласан номуудаа жагсааж үзэхэд 100 хол давж байна лээ. Шинэ хуучин бичиг, англи, орос хэлээр уншсан номоо тоолж үзвэл гурваас дөрвөн зуун ном уншсан байх шүү.

-Номыг бичихэд зөвлөж тусалсан судлаач бий юу?
-Тусгайлан зөвлөсөн хүн байхгүй. дунд сургуулиасаа түүх сонирхож судлаад, 1999 оноос түүхийн чиглэлийг барьж суусан.

-Түүхэнд ийм сонирхолтой атлаа яагаад эдийн засагчийн мэргэжлийг сонгов?
-Тухайн үеийн нийгмийн хандлага нөлөөлсөн гэх үү дээ. Тэр үед бүгд л эдийн засагчийн мэргэжил ирээдүйтэй гэлцдэг байлаа. Уг нь бол түүхч эсвэл физикч болохыг хүсдэг хүүхэд байлаа.

-"Монголын түүхийн их товчоон" бүтээлээ цөөн үгээр тодорхойлвол...?
-Номын гол утга санаа, мөн чанарыг хэдэн зүйлээр товчхон илэрхийлж болно. Нэгдүгээрт, яруу найргаар илэрхийлсэн түүхийн он дараалалын бичиг, хоёрдугаарт, монгол домог зүйн асуудал руу ихээхэн анхаарал хандуулснаараа онцлог.

-"Домог зүйн асуудал" гэдгээ илүү дэлгэрүүлж яриач?
-Яагаад эхний бүлгээсээ домгийн зүйлийг чухалд барьсан бэ гэвэл Монголёууд түүхийг авч үзэхдээ ялангуяа 17 зууны үеэс монголын түүхийг ихэвчлэн буддын шашны үүднээс авч үзсэн байдаг. Харин би энэ бүтээлдээ монголчуудын язгуур шашин бололх бөөгийн буюу мөнх тэнгэрийн шашныг түлхүү авч үзэж, гол болгосон. Өөрөөр хэлбэл яагаад монголчуудын язгуур шүтлэгийг эх түүхтэй нь холбож эгч болдоггүй юм бэ? гэсэн санаа.
Үүнээс гадна Халх монгол, Ойрад, Буриад, Өвөр монгол гэсэн гэсэн монгол үндэстэний нийтлэгүүдийн домгуудыг нэгтгэсэн байгаа. Буддын шашны ямар ч хольцгүй язгуур монгол домгийн нэгтгэл гэж ойлгож болно.
"Монгол домог" бүлгийн тухайд бол Монголчуудын ертөнцийг үзэх үзлийг гаргаж өгсөн. Энэ түрүүнд ертөнц үүсэх, ертөнц үүсээд хүн үүсэх, 99 тэнгэр үүсэх, орчлон ертөнцийн гарлын тухай домог, хүний үүслийн домгуудыг цогц байдлаар нэгтгэж оруулсан байгаа. Ингэснээрээ бөөгийн шашин, мөнх тэнгэрийн үзлийг гаргаж ирсэн гэж үзэж байгаа.

-Гурван удаа сэлбэн засварлаж бичсэн гэж дээр дурьдсан. Хэрэв нууц биш бол ямар янзтай бичвэр яван явсаар байгаад ийм хэлбэрт орсон хэрэг вэ?
-Анхнаасаа л яруу найргийн хэлбэрээр бичсэн л дээ. Гэхдээ эхний ээлжинд зарим хэсэг нь богинохон, зарим хэсэгтээ уртаар бичигдчихсэн. Хайрцаглал байхгүй гэсэн үг шүү дээ. Зарим мөрөндөө 4-5 үгтэй байхад, зарим мөрөнд 10 гараад явчих жишээтэй. Харахад нэг л эрээн цоог юм харагдаад байдаг. Тэгээд нэг засвар хийгээд үзтэл мөрүүд нь асар урт болоод ирсэн. Гурвал мөртөөр бичгдсэн тэр урт өгүүлбэрүүдэд яруу найргийн яруу чанар алдагдаж ирсэн. Тэгээд түүнийгээ тасдаж хоёр үет хэлбэртэй болгочихвол илүү дөхөм болох нь гэдгийг олж харсан л даа. Тэгээд л 2 үет, 3 шадаар хайрцагласан сүүлийн хувилбар гарч ирсэн.

-Ер нь энэ хэлбэрийн томоохон шүлэглэсэн бүтээлүүдийг хэр арвин уншиж судлав? Жишээлбэл, Шота Руставелийн "Барсан хэвнэгт баатар" ч юм уу?, Фирдоусын "Шахманэ" гээд 25000 шадтай дэлхийн хамгийн том туульсын зохиол байгаа шүү дээ?
-Тэднийг уншиж байсан л даа. Гэхдээ суралцаж санаа авсан зүйл байхгүй. "Мандал"-ын монголд хэвлэгдсэн нэг хувилбар бий шүү дээ. Түүнийг уншиж байсан. Бага наснаасаа Буриадын Гэсэр, домгуудыг уншиж байсан. Их сургуульд орсны дараа Гэсэр, Жангарыг уншсан. Жангар болохоор баруун монголд зохиогдсон, монгол газарын зүйл гэдэг нь илт байдаг л даа. Харин Гэсэрийн хувьд яг тийм ийм, монгол гэж хэлэх зүйл байхгүй. Гэхдээ яах аргагүй агуу бүтээл.
Бас Хомерын "Илиада", "Одиссей"-г уншсан. Эдгээрээс үндэслээд манай монголчуудын их байлдан дагуулалтын талаар найраг хэлбэрээр бичих хэрэгтэй гэсэн урам зориг ургасан. Илиада бол хот улсуудын хооронд болсон 10-20 жилийн дайныг л өгүүлсэн зохиол шүү дээ. Гэтэл бидний байлдан дагуулалтын түүхээр яагаад туульсын бүтээл туурвиж болохгүй гэж.

-Хомерын туульсад тодорхой дүрүүд бий шүү дээ. Таний бүтээлд тийм шугам бий юу? Тийм дүр, уран сайхны тоглолт оруулж өгөх талаар бодож үзсэн үү?
-Би бүтээлдээ цэвэр түүхийг гол болгосон. Энэ уран зохиолын бүтээл боловч уран сайхны хэрэглүүр төдийлөн ашиглаагүй. Одоо жишээ нь "Хөх судар" дээр гэхэд түүхэн бус дүрүүд нэмээд оруулчихсан байдаг шүү дээ. Яг тийм хэрэглүүр бол байхгүй. Дан түүхчилсэн бичлэг ашигласан. Ингэхдээ үг холбох, сүүл хаших, хэтрүүлэг гэх мэт уран сайхны хэрэглүүрүүдийг өргөн ашигласан.

-Энэ их бичгийн зүйлд цаг заваа зарцуулж нухацтай сууж байхдаа ажил амьдралын аар саар асуудлаа хэрхэн зохицуулж байв аа. Энэ бол 4 сард байтугай дөрвөн жилд ч нугалчих ажил биш шүү дээ.
-Бичиг байгааг бол гэр орныхон маань бүгд мэддэг байсан. "Чи хэрэгтэй ч юм хийгээд байна уу, хэрэггүй ч юм хийгээд байна уу?" гээд ээж маань санаа зовдог л байлаа. Тэгээд гэр орондоо шөнө орой сууж нойр хоороо хасаж байж л ажлынхаа голыг нугалсан даа. Мэдээж хэрэг, зугаа цэнгээнээс эхлээд их л юм золиослоно л доо. Юун түрүүн найз нөхдөөсөө зай барих хэрэг гарна.

-Түүхийг энэ түвшинд хүртлээ судлаад байхад судлал, тайлбарт шинэ гаргаж тавих санаа олсон л биз дээ?
-Ер нь манай монгол түүхчид маш сайн судалгаа хийсэн байдаг л даа. Гүнжийн Сүхбаатар гуайн эртний улсуудын судалгаа л гэхэд маш даацтай. Зөвхөн монгол түүхчид төдийгүй гаднын судлаачдын Монголын эзэнт гүрний Алтан орд, Хүлэгү гэх мэт улсуудын тухай судалгаа ч бас сайн. Харин "Бутралын үе"-ийн түүхийг хаана хаанаа их муу судалсан байна. зөвхөн Түмэдийн Алтан хан, Халхын гурван хан, хотгойдоор зогсохгүй, ордос, харчин, хорчин, муу мянган, жарууд гээд өөр олон газрын ихэс өөрсдийгөө хам өргөмжилсөн байдаг. Эднийг судлаагүй орхисон байгаа нь хачирхалтай. Эдгээрийг би тусгайлан судлаж, хан хэмээн төр үүсгэсэн явдалыг яагаад судалж гаргаж ирж болохгүй гэж гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.

-Ном хэвлүүлэх санхүүгийн эх үүсвэрээ хэрэхн олов? Мэдээж хэрэг ийм хэмжээний ном хэвлүүлхэд багагүй хөрөнгө зардал шаардана?
-Хэд хэдэн газраас зээл авч хэвлүүлсэн. Ерөнхийдөө 13 сая орчим төгрөгөөр 350 ширхэгийг чанарын өндөр түвшинд хэвлэсэн. Хэвлэлийн ажлын "Колорлайт" компани гүйцэтгэсэн. Номоо 80 мянган төгөрөгөөр үнэлж, номын дэлгүүрүүдээр худалдаж байгаа.

-Цаг заран уран бүтээлийнхээ талаар хөөрөлдсөн таньд баярлалаа. Таны цаашдын эрдэм номын үйлсэд амжилт хүсье!
-Баярлалаа. Миний уран бүтээлийг үнэлж хүндэтгсэн танай сонины хамт олонд баярлалаа.



Я.БАЯРАА
“МОНЦАМЭ МЭДЭЭ” сонин
2012.04.05 Баасан N66 (2428)

Sunday, April 22, 2012

НАДАД БИЧСЭН ЗАХИДАЛ


"ГУРВАЛЖИН АЯЛГУУ буюу Хөвгүүнд бичсэн захидал". Энэ номын эхийг хянан тохиолдуулсагуй хэмээн над руу илгээж асан тэр үдшээс хойш гурав дахь хаврыг угтаж байнам. Чухам энэ л гурав дахь хавар ирээдүйдээ зориулан дуулж явсан, ирээдүйхээ итгэл найдварыг бүтээж чадсан омог бардам тэр ахыг хорвоогоос дагуулаад явчихлаа. 

"Зүсийг нь гойд таних авч
Зүрхийг нь үнэндээ танихгүй.
Зүгээр л нэг хүн…"
-тэй намайг яруу найрагч Г.Сүхзориг цахим хаягаар холбож өгөхөөс өмнө Загдын Түмэнжаргал гэдэг хүнийг их л хүйтэн хямсгараар төсөөлдөг байлаа. Цаг гаруйхан үргэлжилсэн ярианы дараа номын эхээ илгээж, татгалзахгүй бол хараад өгөөрэй гэсэн билээ. Татгалзахын шалтгаан хийгээд зүрх зориг яахан байх билээ.
   
1400 гаруй гурван мөртийг нь ёстой л цавчих шиг болж хасаж танаж суусан тэмдэглэлээ өдгөө эргэн харахад зүрх урагдах шиг болно.

"Өнөөдөр тэрбээр ширээн дээр
Маргааш харин ширдгэн дээр.
Үүрдийн юм шиг авирлах нь л хачирхал дээр..."
гэсэн гуравтыг нь "Маш болхи дүрслэл гэж бодож байна" хэмээн тодорхойлоод улаанаар тэмдэглэсэн байна. Одоо бодоход, миний боддог ч гэж юу байхав. Энэ нэгхэн мөрөөр энэ ном дутсан нь ч бус юу байхав. Гэхдээ л... Гэхдээ энэ номыг яагаад "Хөвүүнд бичсэн захидал" хэмээн нэрлэсний, яагаад надаар хянуулсаныг тэрхэн үедээ ухаарсангүй дээ.


"Шалихгүй тэнүүлч хорхой
Шалбаагт унаж үхмой.
Шалдар бульдрын жам..."
. "Олон давтагдсан санаа байна" гээд бас л улаанаар зурсан энэ мөрийг одоо эргээд уншихад эрхгүй гуниг төрнө. Үзэг нэгтэн гэх атлаа, үхлийнх нь шалтгааныг ухаж, амьдрал руу нь эрээгүй өнгийх элдвийн амьтаст дургүй хүрнэ. Саяхан даа. Нэгэн найрагч Түмээ ахаа дурсаад, Ли-Байгийн үхлээр, яруу найрагчийн үхлээр үхлээ тэр гэсэнсэн.
"Хүмүүжил хэмээх нь
Хүндэтгэн мэхийвээс зохилтой эрхэм баялаг.
Хөвүүн минь үүнийг л чамд өвлүүлье.. "

"Сэтгэлийн олж хараагүйг
Нүд олж харахгүй...
Сэр, сэргэ хэмээн дуулахын учир тэр..."

"Ажнайг
Анжисанд оруулчихдаггүй...
Авъяас билэгтнийг зүгээр л нэг орхичихдоггүй..."

Яруу найрагчийн амьдралыг хэн ч шүүдэггүй. Яруу алдрын титмийг ард түмэн мунхаг нялхаст өмсүүлдэггүй юм. Тэнгэр шүтлэгтэн Монгол түмний дунд төрөөд, тэнгис хэмнэлт аялгуун дунд өсөөд, гал мэт бичгээрээ газар мэт мөнхийн бүтээлийг дархалж үлдээсэн билэг авьяасыг "Үндэсний бахархал" гэдэг юм.

"Гурвалжин аялгуу"-г нь хэвлэлээс гарсан хойно нь уншаад ийм нэг үгийг блогтоо бичиж байжээ:
-"Амьд явахыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг… Энэ юутай үнэн үг вэ? Юутай үнэн үгсийг юутай үнэн хүмүүс бичиж үлдээгээ вэ? Олон зуун гурвал мөртүүдээс бүрдсэн энэ номыг уншиж суухдаа би эрхгүй ингэж бодлоо.
Мөр холбон шүлэглэх гэдэг тийм шимтээд баймаар зүйл үү? Яруу найраг танин мэдэхүйн хувьд хатаасан эрвээхэйн цуглуулганаас юугаараа илүү гэж? Олон олон зүйлийн тайлалыг эндээс олж болно. ГОЛ нь тэр бүхэн таны дотор л байсныг, олж нээхэд нь дэм болох гэж энэ бүхнийг бичсэн гэдгийг ойлгох болно…"

Номын эхэнд ийм нэг үгийг товойлгон бичсэн байдаг юм.
"...Ухааны шилбүүрээр сэтгэлийн адгуусыг гилэх нь заримд хялбар, заримд бэрх, заримд угаас боломжгүй".

"Буруу зөв хоёр заримдаа ялгаршгүй.
Булингарт гол
Ёроолгүй санагдав ч ёроолтой л…"

"Өмгөр заяатанд бол өдөр болгон бүүдгэр.
Гурван зуун жаран таван бүүдгэрийг
Гуниг нөмрөн гэлдэрч туулна л тэр…"

"Уруу дорой бодолтонд
Уянга эгшиг ч зэвүүн санагддаг аж…
Урам зоригийн тухай түүнд өгүүлэх ч хэрэггүй".

"Чадал хэмээх хан боргоцой
Чацны өндөрт бус
Сэтгэлийн өндөрт ургадаг л".

"Ганцаараа жаргасан бол
Ганцаараа л зов
Гараа хэн нэг рүү сарвалзуулаад яах..."

"Ухаангүй шалиглал эхлээд алт мэт...
Удалгүй зэс мэт...
Төдөлгүй зэв мэт..."

"Оюун ухаан чинь л тэнд хүрээгүй бол
Оргил өөд мацах хэрэггүй.
Огтхон ч нэмэр үгүй..."

"Цагаатгахгүй гэж мянгантаа хүсэвч
хилс гүжир цагаадаж л таарна
Цайлгахгүй гэж түмэнтээ хүсэвч
хиргүй үүр цайж л таарна
Цааз нь тэнгэрийнх тул..."

"Эмзэглэ гэж зүр заяасан,
Эргэж хар гэж хүзүү заяасан,
Энэ бие их учиртай заяасан..."

"Жартгаргүй үнэг гэж хаана буй
Жаваргүй өвөл гэж хаана буй
Жаргалгүй амьдрал гэж юу буй..."

Түмээ ахын энэ номноос өдгөөх цагт нэн ховордсон, нэн ялангуяа утга зохиолын хүрээнд улаан номонд орсон, өөдрөг сэтгэл, эр зоригийн галтай цөлх чанарыг олж харсан юм. Чухамдаа 80-аад оныхон гэх ийм нэг хэдэн гүдэс  ах нар монголын уран зохиолын шинэ түүхийн хүч тамир нь, шим шүүс нь гэж би санадаг юм. П.Баярсайханы шархирмаар үнэн өгүүллэгүүд, Д.Энхболдын энгийн атлаа шаргуу хүүрнэл, Д.Норовын яргасан хүнд юм шиг атлаа ёгт тайлалдууд, О.Дашбалбарын илд мэт хурц хэрнээ ус мэт тунгалалаг шүлгүүдгүйгээр тэр модернизм, зодернизмын тухай яриад яах юм. Яг л тийм нэг хөх харчуулын нэг нь яваад өглөө дөө.

Сайн ах минь, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэндээ сууж дээ.  Монголын тал нутагтаа, бүтээсэн дууг нь бүтэн хагас аялах ирээдүйн хөвгүүдэд харин би ТҮМЭЭ ах шигээ бичиж чадахсан бил үү? Түүн шиг нэр нүүртэй, хэлэх үгтэй, аялах дуутай очиж чадахсан бил үү? Бид.

Түмээ ахын номынхоо төгсгөлд бичсэн үгсийг сүүлийн хэд хоног өөртөө шивнэж явна:
"... Сэтгэлээ ялимгүй будангуйрах үест би өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсныг санадаг.
Аль ч цаг үед нүгэлтнүүд бас л оршин тогтнож, цагийн хожоон дээр бяцхан цэцэглэж, нэг л их жаргалтай дориун чинээлэг аж төрж буй мэт үзэгддэг авч, эцсийн эцэст заавал үйлийн үрийг амсаж, доройтон мөхдөгийг ч хааяа бодож үздэг.
Хөвгүүн минь, чи ч энэ хатуу үнэнийг ямагт сэтгэлдээ хадааслаж яваарай".

"Гурвалжин аялгуу"-тай хамт нэгэн бичил шүлгийн эмхэтгэл илгээснийг нь бас эмхэрджээ. “ШҮҮДРИЙН ГИЛБЭЛГЭЭН” гэх энэ номын шүлгүүдийг би харин төдийлөн оролдож шалиагүй санагдана.
***
Зэлэн дээр май тавихад
Зэлүүд тал минь
Бужигнах шиг болдогсон...

***
Нүдэн дотор минь
Одоо ч
Мэлтрэнхэн урсаж байна,
Нүдэнгийн горхи.

***
Нууц гэж нэг юм байдгийг
анх надад
Нутгийн минь
цахиур чулуу
Хэлж өгсөн

***
Навчис
дээрээс нь асгарахад
Напальеоны хөшөөний зүрх
Ёгхийх шиг...

***
Зүдэргээнт шөнөөр дэмий л
Зүрхэн дотроо
Нар зурнам

***
“Эрмэг зүрхэнд
Гартахгүй юм ч гэж
юу байхав.”

Энэ л бодол
Туг минь байсан...
Тэр л жилүүдэд.

***
Аз жаргал гэж юу вэ хэмээн
Асууна уу, чи.
Амсалгүйгээр
үхэж болохгүй
Алтанхан
Алим л юм даа тэр.

***
Дурсамжийн арал,
Мөрөөдлийн арал хоёрын
Дунд нь
цэнгэг агаар

Дурсамж, мөрөөдлийн хоёр арлын хоорондох тэр л цэнгэг агаар... Буддын ёсонд мэргэдийг жанч халахад "Номын агаарт ууслаа" гэдэг. Тэр л цэнгэг агаарт ууссан цэцэн монгол хүмүүний тухай санан дурсахын нэгэн учгийг энд эвхэе. Өнөд санахын өлзий утас өнө олных нь сэтгэлд мөнх билээ. 



Я.БАЯРАА
“МОНЦАМЭ МЭДЭЭ” сонин
2012.04.20 Баасан N77 (2439)

Sunday, March 25, 2012

ПАРТИЗАНУУД ХААНА ЯВНА?

Эрх чөлөө бол хийсвэр үзэл санаа бус бодит үйл хэрэг юм. Хувь иргэний зориг, хүсэл тэмүүллээр эрх чөлөө хэмжигдэх бөгөөд, чухам энэ л эрх чөлөөт иргэдийн гарт тусгаар тогтнолын туг атгаатай байдаг. Хэрэв эрх чөлөө нь бодит мөн чанараа алдвал иргэд тугаа бариад жагсаж эхэлдэг. Тэд тусгаар тогтнолынхоо төлөө жагсаж буй нь тэр юм. Тиймээс эрх чөлөөний төлөөх тэмцэл бол эх оронч үйл хэрэг, тэр тэмцэлд оролцогчдыг эх орончид гэх учиртай юм.


Тусгаар Монгол Улсын түүх чухам ийм л эх орончдын гараар бичигдсэн билээ. Эх орончид туг ч барьдаг, тугал ч хариулдаг. Гэхдээ цаг үе бүхний эх орончдод нэг л нийтлэг шинж бий. Эх орончид ямагт шинэчлэгч, тэмцэгч, хувьсгалчид байдаг. Бахархал болсон эртний түүх, сургамж болсон ойрх цагийн түүх үүнийг гэрчилнэ. Бид “Бахархал”-ынхаа тухай бахардаж унатлаа ярьж байна. Гэтэл “Сургамж” хаана байна вэ? Суртал ухуулга, тархи угаалтын давалгаан дороос толгой өндийж харвал “Сургамж” тун ойрхон байна.
Хүмүүс байшин сав шатаахаасаа өмнө ухуулах хуудас нааж, нууцаар хэвлэн нийтлэж, эрх дархын төлөө бус, эрх дархтны төлөө бус, эрх чөлөөний төлөө, үзэл санааны төлөө өлсгөлөн зарласан өдрүүд байна. Үндэсний ухамсрын уналт сэргэлтийн тухай ярьж, хаадын тухай кинонд тэрбумаар мөнгө зарахаас ч буцахгүй болсон эдүгээ цагт нэн шинэ түүхийн зүгт хараа тавих цаг болжээ. Мянган жилийн өмнөхийг өчигдөр юм шиг ярих хэрнээ хорин жилийн өмнөх явдлын талаар там түмхэн ойлголттой яваа нь жинхэнэ ойд төрсөн самжны үлгэр.


Өдгөөгөөс хорин хоёр жилийн өмнө, яг л өнөөдрийнх шиг царцуу хүйтэн өдрүүдэд монголд оюун санааны хавар иржээ. Коммунист системийн төгсгөлд хөгшин европын улсуудад хувьсгалын давалгаа эхлэхэд монголын залуу үе ч энэ тохироог алдаагүй юм. Боломж гарсан. Ашигласан. Гол нь үр дүн гарсан. Үүний талаар бид хорин жил ярилаа. Гэтэл яриандаа хэт улайрснаас эхлэлийг нь мартаж орхижээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын гол цөм нь болсон МоАХ, түүнийг үндэслэн байгуулж, өнөөдрийг хүртэл галыг нь манаж яваа “Партизанууд”-ын тухай энд ярьж байна. Энэ нийтлэлийг бичихийн тулд МоАХ-ны Хөгжлийн хэлтсийн ажилтан С.Майнбаярт хандсан юм. “Хонх”-ын С.Цогтсайхны төрсөн ах тэрбээр анхны ухуулах хуудсыг тарааж, аюулаас хамгаалахад шалгуулж явсан “Шинэ үе” улс төрийн нууц бүлгэмийн гишүүн ажээ. С.Майнбаяр гуайгаас асуусан эхний асуулт маань “Партизанууд хаана явна вэ?”. “Хаа сайгүй” гэж тэр хариулсан. Тэгээд “...ардчилсан хувьсгалын оргил үе буюу 1989 оны 12 дугаар сараас 1990 оны хавар хүртэл бүхий л үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, зохион байгуулалцаж явсан 300 гаруй хүн байдаг. Харин ардчиллын үйл хэрэгт эхнээс нь тууштай зүтгэж зүтгэсэн орон нутгийн салбар холбоодын гишүүдийг нийслэлийнхэнтэй нийлүүлвэл 2000 гаруй хүн болно. Тэдний тойрон хүрээлэгчдийг авч яривал 5000 гаруй хүн байгаа” гэж хариултаа лавшруулсан юм. Харамсалтай нь тухай үеийн МоАХ-ны бүртгэл, “Ардчилал” сонины архив үрэгдэж алга болсон ажээ. Гэхдээ л хаа газрын ардчилагчид хагас цэргийн зохион байгуулалттай юм шиг цэнхэр туг хаана намирнав тэнд цуглачихсан байдаг гэж тэр ярьсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга МоАХ-ыг удирдах болсноос хойш нийт 43 партизанд байр олгосон аж. Сонгууль болохоор л нэг баярлалдан цугладаг партизанууд ардчилсан холбооныхоо байраар орж гарах нь ч ихэссэн байна.
Тэр үеийн арьс ширний үйлдэвэр, гутлын үйлдвэр, ТЭЦ, такси бааз гээд албан байгууллага бүхэн дээр ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулагдаж, тэдгээрийг зүрх гарган толгойлж, зохион байгуулж явсан хүмүүс ч бас дээрх тоонд хамаарах ёстой.
“Анхны арван гурав” бол ардчилсан хувьсгалаас ард түмний сэтгэлд хамгийн тод хадагдан үлдсэн партизанууд билээ. Энэ нэршил нь 1990 оны 1-дүгээр сард хэвлэгдсэн “МОНЦАМЭ” агентлагийн “Цаг үе” сэтгүүлтэй холбоотой. Анх МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөл /ЕЗЗ/-ийн гишүүнээр 15 хүн сонгогдсон түүхтэй ажээ. Тэднээс Г.Бошигт нэрээ нууцлахыг хүссэн бол Ч.Энхээ анхны цуглааны дараа ЕЗЗ-өөс гарчээ.
1990 оны 3 дугаар сарын 7-ноос эхлэн “Эрх баригчид ардчилсан хүчнүүдийн мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, улмаар улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан БНМАУ-ын Үндсэн хууль, сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулах”-ыг шаардаж МоАХ-ны 10 гишүүн Сүхбаатрын талбайд өлсгөлөн зарласан байдаг. Өлсгөлөн үргэлжлэх хугацаанд ахин 20 гаруй хүн нэмэгджээ. Эдгээр хүмүүсийн тухай МоАХ болон түүхийг гэрчлэх хүмүүсээс тодруулахад ийм нэгэн дүр зураг гарч ирж байна:
“Э.Бат-Үүл –Улсын Их Хурлын гишүүн, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор, Б.Батцэнгэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга. Д.Энхбаатар бригадын генерал, Б.Хишигбат Улаанбаатар хотын гаалийн ажилтан, С.Соёмбобаатар нийслэлийн намын аппаратын ажилтан, Ш.Нина шатахуун түгээх станцын түгээгч, Б.Батцэнгэл, И.Жавхлант нар хувиараа бизнес эрхлэгч, Г.Бошигт тэтгэвэрт, Дашцэрэн, Н.Бэхбэт, Н.Сэргэлэн, Г.Ганболд нарын талаар МоАХ-д тодорхой мэдээлэл байхгүй, Б.Галсандорж, барималч Х.Цэгмид, ах дүүс болох Н.Агар, Н.Арвис нас барсан...”
Сүхбаатарын талбайг дүүргэсэн 100 мянган хүний дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх, өдөөн турхиралтыг таслан зогсоох үүрэгтэй партизанууд ч байжээ. МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн хамгаалалтын алба хариуцсан зохицуулагч Л.Хадбаатар чухам энэ үүргээ нэр төртэй биелүүлсний төлөө “Нугас” хэмээх хочтой болсон гэдэг. Б.Ширнэн, Д.Пүрэвбаатар, дөчин мянгатын атаман хэмээн алдаршсан Рехард Зоригоо нар ч бас хамгаалалтад чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
С.Майнбаяр гуайтай ярилцаж суухад журмын нөхдийнхөө одоогийн амьдралд төдий л сэтгэл хангалуун бус явдаг нь анзаарагдсан. Ардчилсан холбооны партизанууд, гишүүд дэмжигчид ерээд оны их цомхотголын анхны хохирогчид байсан. Тэднийг хоолноос нь салгах бүхэл бүтэн компанит ажил өрнөсөн тухай тэр гуниглан байж ярьсан юм. Тэгээд нийтлэлдээ заавал оруулаарай гэж нэгэн өгүүлбэрийг цохон тэмдэглэсэн нь энэ байна. “Ардчиллын партизануудыг хавчин гадуурхах, тойруу аргаар нийгэмд жигшүүлэх бодлого үйлчилж байсан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинэ хэлбэр”.


***

Ардчилсан хувьсгал тайван замаар болсны нэг нууц нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх хүчирхэг тогтмол хэвлэлтэй болсных байлаа. Өлсгөлөн, жагсаал цуглаантай зэрэгцэн монгол оронд хэвлэлийн тэсрэлт болсон. Энэ тэсрэлтийн тэргүүнд эгнээнд Сүхбаатарын Амарсанаа хэмээх залуу явсан юм. Тухайн цагтаа Хөдөлмөр сонины сэтгүүлч байсан тэрээр ардчиллын анхны арван гурвын нэг, анхны цуглаан дээр төр засагт хүргүүлэх арван гурван зүйл бүхий санамж бичгийг уншиж сонордуулж байсан, ардчилал сонины анхны эрхлэгч гээд хувьсгалын оргил үеийн түүхнээ тод мөртэй нэгэн билээ. С.Амарсанаа гуайтай зөвхөн аж төрлийнх нь тухай мэдэх зорилготой эхэлсэн яриа маань өөрийн эрхгүй хувьсгал руу хазайсан юм.
-Хамт тэмцэж явсан андууд тань одоо хаана явна?
-“Шинэ үе”-ийнхэн мань дор дороо амьдралаа болгож л яваа байх. Бид ч одоо утсаар л хааяа ярихаас биш, үргэлж уулзалдаад дарвиж нийлээд явдаг цаг ч, нас ч биш болж дээ. С.Цогтсайхан маань мөнх бусыг үзүүлсэн. Хүмүүс лам Баясаа гэдэг А.Баясгалан хийддээ шашин номын ажлаа эрхэлж байгаа. Амарбаяр маань хаана ямархан амьдарч байгааг хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан хүний гар харахааргүй л яваа.
-Ер нь та тэмцэж явсан зорилгодоо хүрсэн гэж боддог уу?
-Тийм. Би бол мэргэжлийн сэтгүүлч хүн. Хэвлэлийн эрх чөлөөг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн. Үүндээ ч хүрсэн. Түүнээс биш, эд хөрөнгө, эрх тушаал харж би хувьсгалд оролцоогүй.
-Тэгвэл хувьсгалаас хойших таны амьдралын замналыг сэтгүүлчийн хөдөлмөр тодорхойлно гэсэн үг үү?
-Одоо миний гарт “Ардчилал” сонины хоёр дахь дугаар байна. Би энэ сонины анхны эрхлэгч нь байлаа. Орлогч эрхлэгч маань хүмүүсийн хэлдгээр “Хонх”-ын Цогоо, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ш.Мягмарсамбуу нар ажиллаж байсан. Анхны дугаарыг нь хийхэд 28 хүн гар бие оролцсон. 1992 оны 12 дугаар сараас МоАН-ын дэргэд “Шинэ Үе” сонинг гаргаж эхэлсэн. 1993 онд МоАН ардчиллын төлөөх бусад намуудтай нэгдэж МҮАН болох үед би сониноосоо гарсан. Учир нь МҮАН-ы зүгээс сонины нэрийг “Эрх чөлөө” гэж өөрчилснөөс гадна, нийтлэлийн бодлогод хэтэрхий хутгалдах болсон нь миний чөлөөт сэтгүүлзүйн зарчимтай харшилсан хэрэг л дээ. Ингээд Европ руу явж газар үзсэн дээ.
-Та нэг үе “МОНЦАМЭ” агентлагийг удирдаж байсан байх аа?
-1996 онд Англид хэдэн сарын сургалтанд сууж ирээд тэр албанд томилогдсон. Мэдээллийн Монцамэ агентлагтай миний хувь хүний болоод сэтгүүлчийн амьдралын дөрвөн жил салшгүй холбоотой.
-Ардчиллын партизануудын одоогийн аж төрлийн талаар яриач?
-Янз бүр шүү дээ. Ер нь ардчилсан хувьсгал бидэнд ч, ард түмэнд ч агуу том боломж өгсөн. Тэр боломжоо ашиглаад хүн шиг амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгээд л тэмцэж зүтгэснээ баллаж байгаа юм шиг хэн нэгнээс хүндлэл дэмжлэг эрж хошуугаа унжуулж явах хэрэг байхгүй.






Ярианы төсгөлд С.Амарсанаа гуай “Ардчилал” сонины хоёр дахь дугаарыг үзүүлж, С.Зоригийн МоАХ-ны их хурал дээр тавьсан илтгэлийг доктор П.Нэргүй бичсэн хийгээд сонингийн макетаа хэрхэн өрж байсан, “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй дурсамжийн номоо хэвлүүлснээ ярьсан юм. Харин би ийм намуухан дуутай, даруухан хүн бас хувьсгал удирдаж болдог юм байх даа гэж бодож суулаа. Эгэл жирийн хүмүүсийн эр зоригоор их үйлс бүтдэг ажээ.

***
Оюутны хөдөлгөөн буюу Монголын оюутны холбоо /МОХ/ бол ерээд оны жагсаал цуглаануудад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байгууллага билээ. Тухайн цагт МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Рэнцэнтавхайтай уулзсан юм. Түүний хэлсэн үг, өгүүлбэр бүр уншигч та бүхэнд партизануудын аж төрлийг үнэн мөнөөр нь нээж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.


-Анх ардчилсан хувьсгалын үйл хэрэгтэй хэрхэн холбогдов?
-Анх бол ардчилсан хувьсгал гэж ярьж байсныг санахгүй байна! Өөрчлөн байгуулалт ил тод байдлыг хөгжүүлмээр юм шиг гэх мэтээр ярьсан хүн их шинэлэг амьтан болж харагддаг байлаа. Өөрчлөн байгуулах гээд байгаа юм нь манайд тогтож байсан социализм юм шүү дээ. Миний хувьд МУИС-ийн Эдийн засгийн факультетад суралцаж байсан. Наяад оны сүүлээр манай факультетийн оюутны зөвлөлийн дарга, сүүлд МоАХ-ны ЕЗЗ –ийн гишүүн болсон Дэлэгийн Төмөр-Очиртой нэгэн уулзалт ярилцлагад очсоноор эхэлсэн юм даа. 1988 оны 10 дугаар сард нэг өдөр хичээл тараад МУИС-ийн НУФ дээр одоогийн Их сургуулийн 3-р байрны 2 давхарт Криминалистикийн лабораторийн өрөөнд очиход хэдэн нөхөр “криминал” маягаар цугласан байлаа. Тэд бол Санжаасүрэнгийн Зориг багш, малыш хэмээх Энхтүвшин, Казанийн их сургуулийн аспирант Эрдэнэтуул, хэд хэдэн их дээд сургуулийн оюутнууд түүний дотор цэргийн ерөнхийгийн нэг сонсогч байсан. Бас нэг лам байсан нь Баасан лам. Ардчилал дэвшлийн төлөө хөдөлгөөн гэгчийг байгуулна, боловсрол номын сангийн үүдэнд цуглаан хийнэ, бичиг баримтаа боловсруулна гээд маш сонин сонин юм ярьж мань мэтийг ёстой ангайлгасан даа. Ардчилсан хувьсгалын эхлэл гэдэг 89 оны 12 дугаар сарын 10-ны цуглаанаас нэг хоёр жилийн өмнө болж байсан үйл явдал. Би үнэнийг хэлэхэд нэлээд айдастай л сонсож байсан юмдаг. Учир нь жилийн өмнө оюутны 18-р гуанзанд эсэргүү хэрэг дэгдээгээд арга хэмжээ авахуулсан байсан юм. Улаанбаатар хотын намын хорооны дарга тухайн үедээ дээрээсээ бараг эхний аравт орох лут том хүний өөдөөс хэгжүүн үг хэлээд хатуу донгодуулсан байв. Хичээл орох гээд яараад хоолоо санд мэнд идэж суусан чинь хоолны амт ямар байна гэхээр нь амсаад үзчихгүй юу гээд хэлчихсэн. Одоо ярихад инээдтэй юм болсон ч тэр үедээ сургууль дээр багагүй хэрэг мандаж, ангийн үүрийн хурлаар орж дараа нь сургуулийн деканы дэргэдэх хурлаар орж бангадуулж билээ. МАХН-ын том дарга хоолны амт асуугаад явдаг цаг ирсэн байж л дээ. Тэр их халамж анхаарлыг өчүүхэн өлсгөлөн оюутан үл тоомсорлосноор үл барам хамгийн энгийн тэрхүү хоолыг тусгай хангамжийн эрхэм даргад амсахыг санал болгосон нь байж болшгүй том хэрэг болж хувирсан. Ард олныхоо юу иддэгийг асууж явна гэдэг чинь ямар их тасархай байсныг л харуулсан хэрэг шүү дээ.
-Оюутны хөдөлгөөн хэрхэн үүссэн бэ? Тэр үеийн удирдагчдын талаар ярина уу?
-Оюутны хөдөлгөөний үүсэл хөгжил бол Монгол улсын дээд боловсролын салбарын, яг нарийндаа бол МУИС-ийн үүсэл хөгжилтэй шууд холбоотой. 1942 онд сургууль байгуулахад МУИС-ийн Оюутны зөвлөл гээд ажиллаж байсан. Дараа нь 1954 онд билүү МАХН-ын Улс төрийн товчооны шийдвэрээр МОХ гэдэг нэрээр албан ёсоор байгуулсан байдаг. 1964 онд МОХ-ын дарга байсан Жамц гэдэг өвгөн 90-ээд онд надтай уулзаж байсан. Сэхээтний төөрөгдөл гэгчид нэр орж, хэлмэгдсэн хүн байсан. Оюутны хөдөлгөөн гэж үзээд яривал ирэх жил МОХ-ны үүсэл хөгжлийн 70 жилийн ой болох гээд байна. Харин энэ олон жилийн түүхээс 1990-ээд он бол гайхамшигтай цаг үе байлаа. 1990 оны 3-р сарын 2-4-нд дугуй зааланд болсон МОХ-ны Онц 4 –р бага хурал гэж ардчилсан хувсгалын түүхнээ маш том хүндтэй байр эзлэх ёстой үйл явдлын тухай хэн өнөөдөр яриваа ? МОХ энэ хурлаараа Ардчилсан хүчнийг дэмжиж хамтарсан 4 хүчний цуглаанд оролцох шийдвэр гарч байлаа. Тэр өдрүүдэд “20 дугаар зуун” гэдэг улс төр сонирхогч оюутны клубын гишүүд хэрэндээ мундахгүй үзэлцэж байж МоАХ-ны цуглааныг дэмжих шийдвэр гаргалцаж байсан. Тэр бага хурлаар Монголын Оюутны эрхийн түгээмэл тунхаглал, Дээд боловсролыг шинэчлэх үзэл баримтлал гээд тулгуур том баримт бичиг баталж өнөөгийн МОХ, оюутан, дээд боловсролын хөгжил дэвшлийн чиг хандлагыг бид нар тогтоож өгсөн юм шүү. Тэр хурлаас жил бүрийн 3-р сарын 2-ныг Монголын Оюутны эрхийн өдөр гэж тэмдэглэхээр тогтож байв даа. Энэ тухай өнөөдрийн МОХ-ны удирдагчид, оюутнууд юу ч мэдэхгүй шахуу, тэр тухай дурсаж ч ярихгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болж байхад энэ их үйл хэрэгт 90 оны МОХ ямар хувь нэмэр оруулсан тухай, 2010 оны МОХ хүний урманд ган ч гэхгүй өнгөрлөө. Зууны түүхэнд бичигдэх тоо нь бага ч агуулга нь асар том энэ ойг УИХ, Засгийн газрын түвшинд яриад бүх ард түмний баяр болгон тэмдэглэж байхад МОХ бараг өөрт нь хамаагүй юм шиг өнгөрч байна гэдэг тэнд ямар их атгаг шунал, албан тушаалын хэнээтэн , ардчиллын ямар дайснууд үүрлэчихсэн юм бол гэмээр. Тэрнээс гадна 90 оны хөдөлгөөний удирдагч байсан зарим хүмүүс маань энэ тухайгаа ярихаасаа ичдэг юмуу, залхсан уу дуугарахаа байсан. 2010 оны 3 дугаар сард онц 4–р бага хурлын 20 жилийн ой болсон байх ёстой байлаа. Ойгоо хийгээд хэдэн хүндээ аятайхан ойн тэмдэг хийлгээд зүүлгэчих сэтгэл санаачилга байхгүй байна гэдэг нь 80-аад онд оюутны гуанзанд хоолны амт асуугаад явсан коммунист дарга нараасаа дутахгүй тасарч дээ манай дарга партизанууд. Уг нь тэдний дотор одоо хөрөнгө чинээтэй зарим нь төрийн өндөр алба ч хашиж яваа томоохон бизнесүүд байдаг юм. Болд, Зоригт, Баясгалан гээд Голомт банк, Бодийн эзэд, Хаслизингийн Жаргалсайхан, Майнинфо Төрбат, Алтан тарианы Цэнгүүн, Оюутолгой Айвенхоу майнзын Содоо гээд яахын аргагүй 90 оны оюутны удирдагчид юм шүү дээ. Бид баяр наадам хийж тэмдэг зүүх ч яах вэ. Өнөөгийн оюутнууд энэ тухай мэдэж байх ёстой байтал МОХ нь хөнгөлөлтийн билет банкны карттай борлуулж дундаас нь ёндоо хусаад суудаг нэг хачин ТҮЦ болж хувирсан. Зүгээр хусаад суухгүй хуурамч билет зарж автобусны кондукторууд болох ядарсан нэгнийхээ хоолны мөнгөнөөс хумсална. Голомт банк бизнесийн нэр хүндээ их хайрладаг байж таараа, энэ тухай байр сууриа гаргамаар байна. Ичиж үхмээр байна ш дээ. Өнөөгийн дээд боловсролын тогтолцоо ард түмний ядуурлын нэг эх сурвалж болчихоод байна. Тэнд хүний мөнгийг хүүлэгчид баяжиж, улмаар улсын их хуралд суутлаа томорч байгааг бодоход асар их ашигтай бизнес болсон байна. Архины үйлдвэртэй өрсөлдөхөөр том бизнес. 1990-1997 оны хооронд МОХ-ны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд хэлэхгүй өнгөрч боломгүй байна.
-Таныг тойрон хүрээлж, тэмцэж явсан залуусын талаар асуух ёстой байх?
-Найз нарынхаа тухай ярихад дандаа сайхан байдаг. Намайг тойрон хүрээлэх ч юу байх вэ. Лувсанвандангийн Болдыг тойрон хүрээлсэн хэсэг залуус бол байсан. Л.Болдыг ард түмэн сайн мэдэж байгаа. Энэ хүний алсын хараа, ардчилсан үзэл санаа , төрт ёсыг эрхэмлэгч буурь суур цаашид ч Монголын төр нийгэмд ашиг тустай байх биз ээ. Гэхдээ яг тэр өдрүүдэд мань эр их хашир болгоомжтой ажиллаж байж гэж одоо харж байна. Мань мэтээс хэдэн уулын цаана харсаны хүчинд дийлдэхгүй том болжээ. Ер нь бид нар одоогийнхоор бол нэг баг болж ажиллаж байсан. Хашхуяг, Цэнгүүн, Содоо гээд гадаад сурдаг оюутнууд бол бараг бэлтгэгдсэн хувьсгалчид байлаа. МУИС-ийн Дэмчигсүрэнгийн Төрбат /Майнинфогийн Төрөө/ бид хоёр бол эдийн засаг дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулж явсан хоёр. Бид хэд МоАХ-ны Анхдугаар хурлын гадна цуглаан жагсаал хийх шийдвэр гаргуулах гээд ялагдаад оюутны хөдөлгөөний штабын хурлыг хаяж гарч, маргааш нь 90 оны 2-р сарын 17-нд өөрийн эдийн засгийн оюутнуудыг авчирч хүч нэмэгдүүлж байгаад олонхийн саналаар ялж байж билээ. МоАХ-ныхан Ленин багшийн төрсөн өдөр гээд ярьж байхад Төрөө КОММУНИСТ ТУРШИЛТАА ЗОГСОО гээд бичиг хүзүүндээ зүүгээд зогсож байсан хүн дээ. Бараг 10 жилээр түрүүлж явсан хүн байгаа биз дээ. Батдэлгэр /манайхан Ёобор гэнэ/. Хөдөө аж ахуйн дээдийг босгосон хүмүүсийн нэг. Хөдөө орон нутагт боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлээд гялалзаж явна. Сүүлийн үед Тэргүүн шадар сайдын дотнын хүн болоод байгаа хүн дээ. Харин МУИС-ын оюутны зөвлөлийн дарга байсан Ганбат бол бидний уулзалтыг өрөөгөөр хангаж байсан хүн. Одоо Ардчилсан намыг дэмжигчдийн холбоог байгуулаад, намын даргадаа өргөх бичиг өргөөд явж байна. МУИС-ын эдийн засгаас төрсөн нэг томоохон зүтгэлтэн бол Эрдэнэ-Очирын Золбаяр /Анарын Золоо, Угалзын Золоо, бас Залуу лидерийн Золоо гэдэг/ Бид хоёр жилийн чөлөө авч МОХ-нд ажиллаж байлаа. Золоо одоогийн сайд дарга, бизнесийн томчуудыг дэмжиж гаргаж ирсэн хүн. Мань эр улс төрийн лобби клуб гэдгийг жинхэнээр нь байгуулж ажиллуулж байсан гэж боддог юм. Полийн дээдээс Мөнхчулууны Зоригт /Бодийн Зоригоо/ бол оюутны байраар анхны цуглааны зар хүргэж явсан хүн Зоригоо бид хоёр МоАХ-ны 2-р цуглаан дээр үг хэлж байсан хоёр. Бид хоёр дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн, Монгол туургатнаа нэгтгэхээр Буриад Тува Халимагийн нутгаар тэнэж явлаа. 90 оны Орос оронд яаж алуулчихаагүй явсан юм бол гэж одоо боддог юм. Полийн дээдийн онц сурлагатан Данзандоржийн Баясгалан /Голомтын хэмээх/ бол МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны 3 дугаар сарын 4-ний хамтарсан цуглааны өргөх бичгийг тухайн үеийн коммунист удирдлагад хүргэж өгсөн ардын дөрвөн элчийн нэг. Оюутны холбооноос Чингисийн одонгоор шагнуулсан хүн. 91 онд Нука /Хавдалын Нурлан/ Поп од Алтан-Уяа, Телевизийн Го Бадарч ах нар Монголд одоогийн рок попын олон оддыг төрүүлсэн анхны асар том оюутны шоуг зохион байгуулж байлаа. Мэдээж МОХ-ын бүх партизанууд энд идэвхтэй оролцсон. Ховдын оюутны хөдөлгөөний удирдагч Сэдэдийн Эрдэнэцогт бол оюутны холбоонд олон жил ажиллахын хажуугаар хүний эрхийн Эмнести интернэйшнл байгууллагыг Монголд үүсч бэхжихэд их ажил хийсэн хүн. Анх 92 онд бид Хонг Конгоос ирсэн Хелена Хунг гэдэг эмэгтэйтэй уулзаж Эмнести Залуучууд бүлэг байгуулж байлаа. Дарханд манай арзаак Батбаяр гэж найдвартай хүн тэндхийн оюутны холбоог ажиллуулдаг байсан. СУОХ /соёл урлагийн оюутны холбоо/- ыг толгойлж оюутнуудаа хоёрын цуваанд хийгээд жагсааж авчирч байсан Жүгдэрийн Баяраа /Жү гэх/ гэж бас нэг супер партизан байна. Анагаахын дундад Алтантөгс гээд ардчиллын талыг тууштай барьдаг дайчин оюутан охин байлаа. Манай фото лабораторийн эрхлэгч Гэндэнжамцын Болдбаатар байна. Маш үнэнч ажилтан байсан юм. Одоо төмөр замд ажиллаж байна. Спортын төв ордонг дусаал дусдаггүй болгосон ажилсаг хүн. Бача, Пүрэвдаваа, Сайнзаяа, Отгонбат, Элбэг гээд манай найзууд олон байна. Одоо ч ардчиллыг тууштай дэмжиж яваа. Анагаахын дээд дээр МоАХ-ны салбар зөвлөл байгуулж явсан хоёр найз Лхагвадоржийн Дамдин, Ядамжавын Батбаяр нар маань , Полийн дээдийн Лхамжав, соёл урлагийн оюутны холбооны Макс Магсаржав , полийн дээдийн үнэнч партизан Агиймаагийн Бавуудорж нар маань 40 хүрэлгүй өөд болцгоосон нь их харамсалтай байдаг.
-Хичээл хаялт, жагсаал цуглаан гээд тэр үед зохион байгуулж байсан үйл ажилагаануудаасаа яривал?
-Би өөрийнхөө эдийн засгийн оюутнуудыг хичээл хаялтад уриалан дуудаж авч гарсан юмдаг. Сургууль бүр дээр өөр өөрийн удирдагч идэвхтнүүд байсан. 1990 оны 3 –р сарын МоАХ-ны улс төрийн өлсгөлөнг дэмжиж МОХ хичээл хаялт зарлахад 10000 гаран оюутан талбай дээр цугласан гэдэг. Харин МоАХ-ны Анхдугаар хурлыг дэмжсэн Монгол анхны гудамжны жагсаалыг бид хийсэн дээ. Циркийн ард талаас хүүхдийн зуугийн замаар явж МҮЭСТО орсон. Японы Эн Эйч Кей телевизийн сурвалжлагч замын хажуу талын төмөр хашлаганд онхолдож унаад бидний орилж хашгирч байгаа уриа лоозонг урт иштэй том бондгор микрофоноор бичээд гүйж явж билээ.
-Ойр дотно явсан, яваа, партизануудынхаа аж төрлийн талаар яриач? Ер нь ардчилсан холбооны гишүүд өнөөдөр ямархуу амьдарч байна вэ?
Тэр олон хүний тухай ярина гэвэл их урт түүх болно. Манай оюутны хөдөлгөөний партизануудын амьдрал ажил үйлс монголын нийгмийн нэг л хэсэг болохоор тэнд бүх жаргал зовлон ажил үйлс бүтэлтэй бүтэлгүй янз бүр байна. Тэдний зарим нь цатгалдаад хүнтэй дуугарахаа байж зарим нь цагаан давааны энгэрт нойрсож байна даа. МоАХ-ын партизануудын ихэнх нь насан өндөр болж, ардчиллаа манах байтугай нойроо манах ч тэнхэлгүй болсон улс байна. Зарим нь ч яахав төрийн алба хашаад гялалзаж яваа улс ч байна .
-Тэмцэж зүтгэж явсан тэр нийгэм тань өнөөдөр тогтсон гэж боддог уу?
-Ардчиллын суурь ололтуудыг Ху нам удаа дараа устгах гэж оролдоогүй бол манай орон бас ч гэж урагшаа явчихсан байх байсан гэж бодож байна. Ер нь илэрхий байгаа байгаа зүйл. Өнөөдөр зүйл бүрээр муучилж бараг улс орон сүйрлээ, сөнөх юм гэнэлээ гээд тэтгэврийн хөгшдөөр хэлүүлж байсан намынхан энэ нийгмийн боломжуудыг ашиглаж хамгийн их хагартлаа баяжиж байгаа. Хуучин коммунист намыг ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, иргэний нийгмийн тулгуур үзэл санаанд харшлагч , харийн гүрний улс төрийн бодлогын үр могой гэж үзэж татан буулгаж хөрөнгийг нь хураах ёстой. Энэ бол манай улсын хувьд амин чухал зорилт. Бараг бүтэшгүй мэт санагдаж байж болох ч Монголчууд үүнээс хавьгүй илүү үндэсний зорилтууддаа хүрч чадаж байсан ард түмэн. Ингэхгүй бол Монголын ардчиллын хувь заяа тун бүрхэг байна. Байгалийн баялагт шунасан харийн гүрнүүдэд бол Монгол яах нь бараг падгүй. Тогтвортой байдлын гэрээ л байж байвал хэнийгээ хаанаар тавьж, хэнийгээ алж хядаж, хэн нь баяжих тэдэнд хамаагүй. Харин Ху намынхан бол тусгаар тогнол гэдгийг ардчиллаас ангид юм шиг яриад өөрсддөө хэрэгтэй тусгаар тогтнол ярьж, үгээгүй ядуусаар тоглож суудаг улс. Эд нараас улс төр эдийн засгийн эрх мэдлийг салгаж авахгүй бол иргэний дайн ч гарч мэдэхээр байна.
-Та өөрийнхөө аж төрлийн талаар, хувьсгалд идэвхтэй оролцсон явдал тань амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Миний амьдралд тэгтлээ их муу сайнаар нөлөөлөөд байх юу байх вэ? Хүн өөрийн амьдралыг өөрөө авч явах үүрэг хариуцлагын нийгэм гэж ойлгох юм бол бараг л дайнд яваад ирсэн шахуу юм яриад холбооноос орон сууц, одон медаль нэхэж явдаг хүмүүсийг харахаар ичмээр санагддаг. Яг үнэндээ зарим нь тугны иш ч барьж үзээгүй амьтад МоАХ-ны байраар ганц хоёр орж яваад байр авчихаж байна. Миний хувьд 90 онд онц сурлагатан ангийн дарга явсан оюутан МОХ-нд зүтгэх санаатай жилийн чөлөө аваад хичээл сургуулиа орхих шахаж байсан явдал бий шүү. Дараа нь олон жил МоАХ-ны үнэнч партизан гэгдэж явсан. МОХ-ноос Нука, Батжаргал бид гурав 1994 онд өнөөгийн нийгмийн архаг өвчин болоод байгаа авилгал албан тушаалы луйврыг эсэргүүцэж 13 хоног өлсгөлөнд сууж байсан, Одоо “Карма” өрөө хэсэж, айлаар хоног төөрүүлэх шахаж л явна. Ардчилал зах зээлийн үнэт зүйлсийг ядарсан олон хүнд боломж болгох гэж зүтгэж байснаас өөртөө наая гэж тэгж их зүтгээгүй нь миний алдаа гэх юм уу хохь гэх үү. Надаас илүү хэцүү амьдралтай олон хүн байгаа гэж бодоод өргөдөл өгөөгүй л байгаа. Гэтэл манийг гудамжинд орилж явах хооронд харь оронд тэнэж явж ирээд байр авчихдаг ч улс байна. Ямар ид шид вэ? Зарим нь орон сууцтай хүмүүс ч МоАХ-ноос байр авсан байгааг хараад Баттулга даргыг хууран мэхэлж, байрны эргэн тойронд наймаа хийж авилгажсан хэсэг бүлэг үүсээгүй байгаа гэж бодсон шүү. Миний хувьд байртай байргүй улс төрийн үндэсний зорилтоо гүйцэлдүүлэхийн төлөө Монголын ард түмний тэмцэлд үлдсэн амьдралаа зориулна гэж боддог.

***

Партизануудтай уулзаж явахад нэг шинж чанар тун тод харагдсан юм. Тэд арьсаа хамгаалж худлаа ярихгүй юм. Үйл хэргийнхээ өчигдөр өнөөдрийнхөө тухай ярихдаа огт хошгинож хоёрдуулахгүй юм. Тэд бас нийгмийн шинж чанартай, өргөн цар хүрээтэй зүйлийн тухай ярих дургүй юм. Магадгүй тэд энэ тухай хангалттай бүр залхатлаа ярьсан байх. Магадгүй тэд нийтийн төлөө нэг байхын нийтлэг мөн чанарыг ойлгосондоо ингэдэг байх.
Хувьсгал хийж явахдаа дөч эргэм настай байсан хүмүүс өдгөө хэдийн тэтгэвэрт гарч, идэр залуухан явсан нь ачийнхаа зулайг үнэрлэж, харваас намба суусан ч нийгмийг хувьсгагч хүчин зүйлүүдийн өмнө эрх чөлөөний үзэл санаагаа туг мэт өндөрт өргөж, хэрэг гарвал үгээ хэлэхэд, тэмцэхэд хэзээд бэлхэн явна. Ардчилсан хувьсгалын партизанууд амьдрал хэмээх их үйлсийг нэр төртэйгээр үргэлжлүүлж явна.

Я.Баяраа


МОНЦАМЭ МЭДЭЭ сонин
2011.12.21