Friday, June 22, 2012

БААТРУУД

Манай үед баатар олон болжээ. Мөөг борооны дараа л ихээр ургадаг бол манай үеийн "Баатар"-ууд хэзээ ч хамаагүй төрцгөөх юм. Яг юуг хамгаалж, ямар үйл хэргийг оройлон манлайлсан нь тодорхой бус эдгээр "Баатар"-ууд найрын ширээний ууц таллаж, байрны түлхүүр гардах төдийхөн явсаар цагийн тоосонд дарагдан мартагдана. Нар урьдынхаараа л мандаж, хүний амьдрал мянган мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй өрнөсөөр л ирсэн тэр л янзаараа үргэлжлэх болно. Бид дахин "Баатар" төрүүлэн хөөрцөглөх л байх л даа. Гэхдээ бидний дунд хэзээ ч мартагдах ёсгүй, мартваас тэр нь манай үндэстний мөхлийн цондон болох жинхэнэ баатрууд амьдарч байсныг мартаж болохгүй.  Мартаж болохгүйн учир нь тэдний хамгаалж байсан үзэл санаа, оройлон манлайлсан үйл хэрэг нь Монгол хэмээх улсын орших, эс оршихтой холбогдож байв. 

 


ОЮУН САНААНЫ ТЭМЦЭЛ

Очирбатын ДАШБАЛБАР. Тэр аж төрөхийн зовлонгоос ангижирсан хүн байв. Тэр ард түмнийхээ зовлонгоор зовж, зовлонгийнх нь шалтгааныг мэдэж, мэдрэх тусмаа чангаран хатуужсан тэмцэгч байв. Ард түмнийхээ нулимсан дундаас өндийсөн ийм л охид хөвгүүдээ монголчууд “Эх оронч” гэдэг. О.Дашбалбарын хувьд “Эх”-ийн ариун хэвлийгээс заяаж төрсөн энэ л “Орон” нь хүн чанар, үзэл санааных нь тулах цэг болсон юм.
“Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь...” хэмээн тэрбээр 21-хэн насандаа бичиж байжээ. Хорин нэгэн жилийн хойно амьдралын сүүлийн өдрүүддээ ч тэрбээр “...Монгол орныг, Монголын ард түмнийг Монгол хүнээс илүү хэн ч хайрлаж чадахгүй. Гадаадынханд монголын газар нь л хэрэгтэй. Монголчуудаар тэд дутаагүй. Бид улс үндэстнээ аврахын тулд Монголоо гэсэн сэтгэлийг дээд зэргээр хөөрөгдөж, Монгол хүн авьяас билиг, оюун ухаанаар ямар ч ард түмнээс дутахгүй, Монгол орон дэлхийд ганц давтагдашгүй улс гэдгийг ойлгуулах ёстой” хэмээн бичжээ.
    Үзэл суртлын буулган дор дарагдаж мартагдсан хэл соёл, шашин уламжлалаа сэргээх тэмцлийн тэргүүн эгнээнд О.Дашбалбар явсан юм. Ардчилсан хувьсгалаас аль өмнө 1980-аад онд тэрбээр Их хүрээнээс үлдэж хоцорсон “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм музей” зэрэгт хадгалагдаж буй монголын түүх соёлын үнэт өвүүд хэрхэн мөхлийн ирмэгт тулсан тухай, хэлмэгдүүлэлтийн үеэс эхлэн монголчуудын хэдэн зуун жил шүтэж ирсэн шашин соёлыг нь өрнийн боловсон тогтолцоогоор солин сайжруулах нэрээр устгах төлөвлөгөө хэрэгжүүлснээс болж монгол түмний буян заяа хэрхэн доройтсон талаар тэр цэл залуудаа анхлан бичиж байв.
1989 онд “Монголын Сүсэгтний холбоо”-ны анхдугаар их хуралд дээр хэлсэн үгэндээ О.Дашбалбар: “-Улсын маань Ерөнхийлөгч жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Гандантэгчилэн хийдэд очиж, ард түмэн, улс орныхоо хувь заяаг даатган, үйлс ажил нь бүтэхийн ерөөл билэгдэж Очирдарийн мандал өргүүлдэг уламжлалтай болбол зон олны минь сэтгэл ихэд сэргэхсэн, бид бүгдийн хийморь лундаа ч сэргэж, нүгэл хилэнц нь нимгэрэн, олноор эдлэх гай барцад багасахсан!” гэж өгүүлсэн байх юм. Хэдэн жилийн дараагаас санаа нь биеллээ олж Төрийн тэргүүн маань Гандантэгчилэн хийдэд шинийн нэгэн бүр мөргөн ард түмнийхээ буян заяаг даатгах болсон билээ. Гэтэл хоёр жилийн өмнөөс энэ ёс яагаад ч юм тасалдав!?
Цэл залуугийнх нь бадгууд эх орноо гэх хайраар халгиж, эх байгалиа шүтэн дуулсан, шүлгэн дундуураа гол мөрнөө урсгасан “Намуун уянга”-аар халгиж байсан нь өдгөө Монгол хэлтний яруу найрагт шинэчлэл хэмээн үнэлэгдэх болов.
О.Дашбалбар ид хийж бүтээх насандаа хорвоог орхижээ. Газар шорооныхоо төлөө тэмцэлд хүчин туслах хүнгүй болж, “Ганцаардсан чоно” мэт явсаар, эмнэлгийн орон дээр шаналж хэвтэхдээ:
“...Ганц өдөр, ганц өдөр
Ганц агшин, ганц агшин, ганц агшин...
Газар дээр хүнд туслах он жил хайрла...” хэмээн залбирсаар л тэр бидний дундаас явсан юм.
Өнөөдөр О.Дашбалбарын тэмцэж, УИХ-ын чуулганы индэрээс цогтой халуунаар хэлж явсан үг нь бидний орой руу орж байна. Тэртээ 1999 онд О.Дашбалбарын “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна” гэсэн үгсийг тэр үед нь уужуу ухаанаар эргэцүүлсэн бол, галзуу солиотоор нь дуудаж доромжлоогүйсэн бол гэж эрхгүй бодоход хүрч байна. Газар нутгийг минь онгилж, эд баялгийг минь хил давуулан зөөх харийн хүмүүсийн ашиг сонирхолыг төрийн түшээд маань ам мэдэн хамгаалах болсон энэ үед О.Дашбалбар шиг баатарыг “Эх орон”, элгэн түмэн нь үгүйлж байна.


ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭМЦЭЛ

Баатрууд өдөр бүхэн үгээ хэлдэггүй. Баатрууд хэрэгтэй үед нь үгээ хэлж, үйл хэргээ эхлүүлдэг. Тэд ард түмнийхээ эмзэг шархан дээр давс цацах шиг ядуу байдал дээр нь дөрөөлж эд мөнгө тараан сэтгэлийг нь татах нэрээр доромжилсноо гавьяат үйлс хэмээн сурталчилдаггүй юм. Тэд намын бус “Эх орон” хэмээх нэг л ашиг сонирхолыг тууштай барьж, үзэл суртал, баруун зүүн бус “Эрх чөлөө” хэмээх нэг л үзэл санааг хэлбэрэлтгүй хамгаалж иржээ.
Монгол түмэн эрх чөлөөнийх нь халх бамбай болсон эрхэм хүүгээ алдаад 14 жил өнгөрч байна. Гэрийнхээ босгон дээр, ханийхаа нүдэн дээр бусдад хороогдсон тэр хүү нь “...гэхдээ би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж итгэлтэйгээр өгүүлсэн юм.
Санжаасүрэнгийн ЗОРИГ-ийн хүрэл хөшөө өнөөдөр наран ургах зүг, төрийн ордон руу ширтэн зогсож байна. 
Сайтар бодвол 1990 оны хувьсгал бол түүний тэмцэлийн зөвхөн эхлэл нь байлаа. Эрх чөлөө бол хийсвэр үзэл санаа биш, бодит үйл хэрэг гэдгийг мэдэж, нийгмийн шилжилтийн явцад ямархан хүнд зам туулахыг эрх биш төсөөлж байсандаа хөөрцөглөж дэврээгүй С.Зоригийн  холч ухаан, дөлгөөн зан “Цагаан морин жилийн хувьсгал” тайван замаар өрнөхийн үндэс болжээ.
“Эцсийн эцэст улс үндэстний эрх ашиг гэдэг бол ямар ч улс төрийн хүчний эрх ашиг, ямар ч сонирхолоос дээгүүр зүйл юм шүү!” гэсэн үгийг тэр насан эцэслэтлээ амны уншлага болгож, “Нийгмийг тодорхойлогч гол хүчин бол нийгмийн дотоод харилцааг зохицуулах явдал” хэмээн хар залуудаа сурвалжлагчид ярьж байжээ.
“Нийгмийн дотоод харилцааг ухаалаг зохицуулж”, “Улс төрийн хүчний эрх ашиг бус, үндэстний эрх ашгийн үүднээс” асуудалд хандахыг шаардан парламентын гишүүдийг хүүхэд шиг сургаж асан энэ хүчирхэг улс төрчийг нийгмээс эгнэгт зайлуулах нь харийн сурталаар бамбай хийж, “Эрх чөлөө” гэсэн нэрээр тонуул явуулахыг хүсэгчдийн л хүсэх, хийж чадах үйлдэл байсан юм.
С.Зоригийг хороосны дараа аль 1994 оноос түүний хөндөн ярьдаг байсан “Авилгал” хэрхэн цэцэглэж, ардын нуруун дээр татсан аалзны тор нь одоо оюун санаа руу нь эд баялагийн хуурмаг дүрээр довтолж эхэлсэнийг та бид бэлээхнээ харж байна. -“Та төрийн хишгээ хүлээн тайван сууж бай. Бид өмнөөс чинь гүйе” хэмээн алт амлацгаах хүмүүсийн дундаас алуурчиныг хайх нь үнэнд нийцэнэ. Тэд улаан гараараа түүнийг хөнөөгөөгүй ч хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхэн нь С.Зоригийн амь амьдралаараа хамгаалж, бодит үйл хэрэг болгосон “Монгол хүний эрх чөлөө”-г хороон боомилж байна.
Өнгөрсөн хорин жилийн улс төрийн тэмцэл, явцуу эрх ашгийн тоглоомонд цэг тавих цаг нь ирсэнийг сүүлийн үед монголын нийгэмд өрнөсөн үйл явдлууд бэлхнээ харуулж эхэллээ. С.Зоригийн үхэл Монголын нийгэмд аюулын харанга дэлдсэн юм. Энэ бүхнийг нүдээр үзэж, чихээр сонссон нэгэн үеийнхэн өдгөө эрийн цээнд хүрч, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх, хамгаалах зориг зүрх эрдэм боловсролтой болж, нийгэмд байр сууриа эзэлжээ.
С.Зоригийг хөнөөсөн ч монгол хүний зоригийг хөнөөж чадаагүй юм. Чухамхүү нухацтай асуудал ярьж, улс төрөөр хийрхсэн олны урсгалыг хэтийн бодлого агуулсан хэдхэн үгээрээ залж чиглүүлж асан тийм хүчирхэг оюун санааны удирдагчаа л ард олон үгүйлж байна. Тиймээс шинэ үеийн зүг найдлага тавин харж байна.


ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ

Хоорондоо 5 жилийн зайтай хорвоод ирж, ганцхан жилийн зайтай мөнх бусыг үзсэн хоёр хүү нь ард олныхоо сэтгэл, их түүхийн дэнсэнд “Баатар” болон мөнхөрчээ.
Гэтэл өнөөдөр бидний дунд О.Дашбалбар шиг, С.Зориг шиг баатрууд алга гэж үү? Үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхолын утсан хүүхэлдэй болсон улстөрчдийн дундаас ард түмэн арван хэдэн жил баатраа хүлээлээ. Одоо дундаасаа эрэх цаг болжээ. Эх орныхоо баялгаар дэнчин тавин байж хариас зээлсэн бохир мөнгөөрөө ард олныхоо сэтгэлийг хуурагсдад “Итгэл өгөхөөс татгалзах цаг” иржээ.
“Баатар” баатар чигээрээ төрдөггүй. Түүнийг түмэн олных нь итгэл сэтгэл түшиж босгодог юм.
Нэгэнтээ О.Дашбалбарын хэлсэнчлэн, “Жижигхэн Монголыг аугаа их Монгол болгоход гагцхүү үндсэрхэг үзэл хэрэгтэй”.
Нэгэнтээ бас С.Зоригийн сурвалжлагчийн асуултанд хариулсанчлан,
“-Ухаан авьяас хоёр юугаараа ялгаатай вэ?
-Ухаан өөрөө авьяас юм”.

Сонгууль гэдэг шударга иргэний хамгийн бодит тэмцэл. Зөв сонголт хийнэ, ухаалаг сонголт хийнэ гэдэг өөрөө авьяас юм. Тиймээс монголын ард түмэн энэ сарын 28-ны өдөр шударга ёсны тэмцэл хийх болно. Монгол түмнийг минь буян заяа нь түших болтугай.

Я.Баяраа

1 comment:

  1. Энд Л.Энэбиш гуайг мартах учиргүй.

    ReplyDelete