Sunday, March 25, 2012

ПАРТИЗАНУУД ХААНА ЯВНА?

Эрх чөлөө бол хийсвэр үзэл санаа бус бодит үйл хэрэг юм. Хувь иргэний зориг, хүсэл тэмүүллээр эрх чөлөө хэмжигдэх бөгөөд, чухам энэ л эрх чөлөөт иргэдийн гарт тусгаар тогтнолын туг атгаатай байдаг. Хэрэв эрх чөлөө нь бодит мөн чанараа алдвал иргэд тугаа бариад жагсаж эхэлдэг. Тэд тусгаар тогтнолынхоо төлөө жагсаж буй нь тэр юм. Тиймээс эрх чөлөөний төлөөх тэмцэл бол эх оронч үйл хэрэг, тэр тэмцэлд оролцогчдыг эх орончид гэх учиртай юм.


Тусгаар Монгол Улсын түүх чухам ийм л эх орончдын гараар бичигдсэн билээ. Эх орончид туг ч барьдаг, тугал ч хариулдаг. Гэхдээ цаг үе бүхний эх орончдод нэг л нийтлэг шинж бий. Эх орончид ямагт шинэчлэгч, тэмцэгч, хувьсгалчид байдаг. Бахархал болсон эртний түүх, сургамж болсон ойрх цагийн түүх үүнийг гэрчилнэ. Бид “Бахархал”-ынхаа тухай бахардаж унатлаа ярьж байна. Гэтэл “Сургамж” хаана байна вэ? Суртал ухуулга, тархи угаалтын давалгаан дороос толгой өндийж харвал “Сургамж” тун ойрхон байна.
Хүмүүс байшин сав шатаахаасаа өмнө ухуулах хуудас нааж, нууцаар хэвлэн нийтлэж, эрх дархын төлөө бус, эрх дархтны төлөө бус, эрх чөлөөний төлөө, үзэл санааны төлөө өлсгөлөн зарласан өдрүүд байна. Үндэсний ухамсрын уналт сэргэлтийн тухай ярьж, хаадын тухай кинонд тэрбумаар мөнгө зарахаас ч буцахгүй болсон эдүгээ цагт нэн шинэ түүхийн зүгт хараа тавих цаг болжээ. Мянган жилийн өмнөхийг өчигдөр юм шиг ярих хэрнээ хорин жилийн өмнөх явдлын талаар там түмхэн ойлголттой яваа нь жинхэнэ ойд төрсөн самжны үлгэр.


Өдгөөгөөс хорин хоёр жилийн өмнө, яг л өнөөдрийнх шиг царцуу хүйтэн өдрүүдэд монголд оюун санааны хавар иржээ. Коммунист системийн төгсгөлд хөгшин европын улсуудад хувьсгалын давалгаа эхлэхэд монголын залуу үе ч энэ тохироог алдаагүй юм. Боломж гарсан. Ашигласан. Гол нь үр дүн гарсан. Үүний талаар бид хорин жил ярилаа. Гэтэл яриандаа хэт улайрснаас эхлэлийг нь мартаж орхижээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын гол цөм нь болсон МоАХ, түүнийг үндэслэн байгуулж, өнөөдрийг хүртэл галыг нь манаж яваа “Партизанууд”-ын тухай энд ярьж байна. Энэ нийтлэлийг бичихийн тулд МоАХ-ны Хөгжлийн хэлтсийн ажилтан С.Майнбаярт хандсан юм. “Хонх”-ын С.Цогтсайхны төрсөн ах тэрбээр анхны ухуулах хуудсыг тарааж, аюулаас хамгаалахад шалгуулж явсан “Шинэ үе” улс төрийн нууц бүлгэмийн гишүүн ажээ. С.Майнбаяр гуайгаас асуусан эхний асуулт маань “Партизанууд хаана явна вэ?”. “Хаа сайгүй” гэж тэр хариулсан. Тэгээд “...ардчилсан хувьсгалын оргил үе буюу 1989 оны 12 дугаар сараас 1990 оны хавар хүртэл бүхий л үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, зохион байгуулалцаж явсан 300 гаруй хүн байдаг. Харин ардчиллын үйл хэрэгт эхнээс нь тууштай зүтгэж зүтгэсэн орон нутгийн салбар холбоодын гишүүдийг нийслэлийнхэнтэй нийлүүлвэл 2000 гаруй хүн болно. Тэдний тойрон хүрээлэгчдийг авч яривал 5000 гаруй хүн байгаа” гэж хариултаа лавшруулсан юм. Харамсалтай нь тухай үеийн МоАХ-ны бүртгэл, “Ардчилал” сонины архив үрэгдэж алга болсон ажээ. Гэхдээ л хаа газрын ардчилагчид хагас цэргийн зохион байгуулалттай юм шиг цэнхэр туг хаана намирнав тэнд цуглачихсан байдаг гэж тэр ярьсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга МоАХ-ыг удирдах болсноос хойш нийт 43 партизанд байр олгосон аж. Сонгууль болохоор л нэг баярлалдан цугладаг партизанууд ардчилсан холбооныхоо байраар орж гарах нь ч ихэссэн байна.
Тэр үеийн арьс ширний үйлдэвэр, гутлын үйлдвэр, ТЭЦ, такси бааз гээд албан байгууллага бүхэн дээр ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулагдаж, тэдгээрийг зүрх гарган толгойлж, зохион байгуулж явсан хүмүүс ч бас дээрх тоонд хамаарах ёстой.
“Анхны арван гурав” бол ардчилсан хувьсгалаас ард түмний сэтгэлд хамгийн тод хадагдан үлдсэн партизанууд билээ. Энэ нэршил нь 1990 оны 1-дүгээр сард хэвлэгдсэн “МОНЦАМЭ” агентлагийн “Цаг үе” сэтгүүлтэй холбоотой. Анх МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөл /ЕЗЗ/-ийн гишүүнээр 15 хүн сонгогдсон түүхтэй ажээ. Тэднээс Г.Бошигт нэрээ нууцлахыг хүссэн бол Ч.Энхээ анхны цуглааны дараа ЕЗЗ-өөс гарчээ.
1990 оны 3 дугаар сарын 7-ноос эхлэн “Эрх баригчид ардчилсан хүчнүүдийн мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, улмаар улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан БНМАУ-ын Үндсэн хууль, сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулах”-ыг шаардаж МоАХ-ны 10 гишүүн Сүхбаатрын талбайд өлсгөлөн зарласан байдаг. Өлсгөлөн үргэлжлэх хугацаанд ахин 20 гаруй хүн нэмэгджээ. Эдгээр хүмүүсийн тухай МоАХ болон түүхийг гэрчлэх хүмүүсээс тодруулахад ийм нэгэн дүр зураг гарч ирж байна:
“Э.Бат-Үүл –Улсын Их Хурлын гишүүн, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор, Б.Батцэнгэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга. Д.Энхбаатар бригадын генерал, Б.Хишигбат Улаанбаатар хотын гаалийн ажилтан, С.Соёмбобаатар нийслэлийн намын аппаратын ажилтан, Ш.Нина шатахуун түгээх станцын түгээгч, Б.Батцэнгэл, И.Жавхлант нар хувиараа бизнес эрхлэгч, Г.Бошигт тэтгэвэрт, Дашцэрэн, Н.Бэхбэт, Н.Сэргэлэн, Г.Ганболд нарын талаар МоАХ-д тодорхой мэдээлэл байхгүй, Б.Галсандорж, барималч Х.Цэгмид, ах дүүс болох Н.Агар, Н.Арвис нас барсан...”
Сүхбаатарын талбайг дүүргэсэн 100 мянган хүний дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх, өдөөн турхиралтыг таслан зогсоох үүрэгтэй партизанууд ч байжээ. МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн хамгаалалтын алба хариуцсан зохицуулагч Л.Хадбаатар чухам энэ үүргээ нэр төртэй биелүүлсний төлөө “Нугас” хэмээх хочтой болсон гэдэг. Б.Ширнэн, Д.Пүрэвбаатар, дөчин мянгатын атаман хэмээн алдаршсан Рехард Зоригоо нар ч бас хамгаалалтад чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
С.Майнбаяр гуайтай ярилцаж суухад журмын нөхдийнхөө одоогийн амьдралд төдий л сэтгэл хангалуун бус явдаг нь анзаарагдсан. Ардчилсан холбооны партизанууд, гишүүд дэмжигчид ерээд оны их цомхотголын анхны хохирогчид байсан. Тэднийг хоолноос нь салгах бүхэл бүтэн компанит ажил өрнөсөн тухай тэр гуниглан байж ярьсан юм. Тэгээд нийтлэлдээ заавал оруулаарай гэж нэгэн өгүүлбэрийг цохон тэмдэглэсэн нь энэ байна. “Ардчиллын партизануудыг хавчин гадуурхах, тойруу аргаар нийгэмд жигшүүлэх бодлого үйлчилж байсан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинэ хэлбэр”.


***

Ардчилсан хувьсгал тайван замаар болсны нэг нууц нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх хүчирхэг тогтмол хэвлэлтэй болсных байлаа. Өлсгөлөн, жагсаал цуглаантай зэрэгцэн монгол оронд хэвлэлийн тэсрэлт болсон. Энэ тэсрэлтийн тэргүүнд эгнээнд Сүхбаатарын Амарсанаа хэмээх залуу явсан юм. Тухайн цагтаа Хөдөлмөр сонины сэтгүүлч байсан тэрээр ардчиллын анхны арван гурвын нэг, анхны цуглаан дээр төр засагт хүргүүлэх арван гурван зүйл бүхий санамж бичгийг уншиж сонордуулж байсан, ардчилал сонины анхны эрхлэгч гээд хувьсгалын оргил үеийн түүхнээ тод мөртэй нэгэн билээ. С.Амарсанаа гуайтай зөвхөн аж төрлийнх нь тухай мэдэх зорилготой эхэлсэн яриа маань өөрийн эрхгүй хувьсгал руу хазайсан юм.
-Хамт тэмцэж явсан андууд тань одоо хаана явна?
-“Шинэ үе”-ийнхэн мань дор дороо амьдралаа болгож л яваа байх. Бид ч одоо утсаар л хааяа ярихаас биш, үргэлж уулзалдаад дарвиж нийлээд явдаг цаг ч, нас ч биш болж дээ. С.Цогтсайхан маань мөнх бусыг үзүүлсэн. Хүмүүс лам Баясаа гэдэг А.Баясгалан хийддээ шашин номын ажлаа эрхэлж байгаа. Амарбаяр маань хаана ямархан амьдарч байгааг хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан хүний гар харахааргүй л яваа.
-Ер нь та тэмцэж явсан зорилгодоо хүрсэн гэж боддог уу?
-Тийм. Би бол мэргэжлийн сэтгүүлч хүн. Хэвлэлийн эрх чөлөөг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн. Үүндээ ч хүрсэн. Түүнээс биш, эд хөрөнгө, эрх тушаал харж би хувьсгалд оролцоогүй.
-Тэгвэл хувьсгалаас хойших таны амьдралын замналыг сэтгүүлчийн хөдөлмөр тодорхойлно гэсэн үг үү?
-Одоо миний гарт “Ардчилал” сонины хоёр дахь дугаар байна. Би энэ сонины анхны эрхлэгч нь байлаа. Орлогч эрхлэгч маань хүмүүсийн хэлдгээр “Хонх”-ын Цогоо, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ш.Мягмарсамбуу нар ажиллаж байсан. Анхны дугаарыг нь хийхэд 28 хүн гар бие оролцсон. 1992 оны 12 дугаар сараас МоАН-ын дэргэд “Шинэ Үе” сонинг гаргаж эхэлсэн. 1993 онд МоАН ардчиллын төлөөх бусад намуудтай нэгдэж МҮАН болох үед би сониноосоо гарсан. Учир нь МҮАН-ы зүгээс сонины нэрийг “Эрх чөлөө” гэж өөрчилснөөс гадна, нийтлэлийн бодлогод хэтэрхий хутгалдах болсон нь миний чөлөөт сэтгүүлзүйн зарчимтай харшилсан хэрэг л дээ. Ингээд Европ руу явж газар үзсэн дээ.
-Та нэг үе “МОНЦАМЭ” агентлагийг удирдаж байсан байх аа?
-1996 онд Англид хэдэн сарын сургалтанд сууж ирээд тэр албанд томилогдсон. Мэдээллийн Монцамэ агентлагтай миний хувь хүний болоод сэтгүүлчийн амьдралын дөрвөн жил салшгүй холбоотой.
-Ардчиллын партизануудын одоогийн аж төрлийн талаар яриач?
-Янз бүр шүү дээ. Ер нь ардчилсан хувьсгал бидэнд ч, ард түмэнд ч агуу том боломж өгсөн. Тэр боломжоо ашиглаад хүн шиг амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгээд л тэмцэж зүтгэснээ баллаж байгаа юм шиг хэн нэгнээс хүндлэл дэмжлэг эрж хошуугаа унжуулж явах хэрэг байхгүй.






Ярианы төсгөлд С.Амарсанаа гуай “Ардчилал” сонины хоёр дахь дугаарыг үзүүлж, С.Зоригийн МоАХ-ны их хурал дээр тавьсан илтгэлийг доктор П.Нэргүй бичсэн хийгээд сонингийн макетаа хэрхэн өрж байсан, “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй дурсамжийн номоо хэвлүүлснээ ярьсан юм. Харин би ийм намуухан дуутай, даруухан хүн бас хувьсгал удирдаж болдог юм байх даа гэж бодож суулаа. Эгэл жирийн хүмүүсийн эр зоригоор их үйлс бүтдэг ажээ.

***
Оюутны хөдөлгөөн буюу Монголын оюутны холбоо /МОХ/ бол ерээд оны жагсаал цуглаануудад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байгууллага билээ. Тухайн цагт МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Рэнцэнтавхайтай уулзсан юм. Түүний хэлсэн үг, өгүүлбэр бүр уншигч та бүхэнд партизануудын аж төрлийг үнэн мөнөөр нь нээж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.


-Анх ардчилсан хувьсгалын үйл хэрэгтэй хэрхэн холбогдов?
-Анх бол ардчилсан хувьсгал гэж ярьж байсныг санахгүй байна! Өөрчлөн байгуулалт ил тод байдлыг хөгжүүлмээр юм шиг гэх мэтээр ярьсан хүн их шинэлэг амьтан болж харагддаг байлаа. Өөрчлөн байгуулах гээд байгаа юм нь манайд тогтож байсан социализм юм шүү дээ. Миний хувьд МУИС-ийн Эдийн засгийн факультетад суралцаж байсан. Наяад оны сүүлээр манай факультетийн оюутны зөвлөлийн дарга, сүүлд МоАХ-ны ЕЗЗ –ийн гишүүн болсон Дэлэгийн Төмөр-Очиртой нэгэн уулзалт ярилцлагад очсоноор эхэлсэн юм даа. 1988 оны 10 дугаар сард нэг өдөр хичээл тараад МУИС-ийн НУФ дээр одоогийн Их сургуулийн 3-р байрны 2 давхарт Криминалистикийн лабораторийн өрөөнд очиход хэдэн нөхөр “криминал” маягаар цугласан байлаа. Тэд бол Санжаасүрэнгийн Зориг багш, малыш хэмээх Энхтүвшин, Казанийн их сургуулийн аспирант Эрдэнэтуул, хэд хэдэн их дээд сургуулийн оюутнууд түүний дотор цэргийн ерөнхийгийн нэг сонсогч байсан. Бас нэг лам байсан нь Баасан лам. Ардчилал дэвшлийн төлөө хөдөлгөөн гэгчийг байгуулна, боловсрол номын сангийн үүдэнд цуглаан хийнэ, бичиг баримтаа боловсруулна гээд маш сонин сонин юм ярьж мань мэтийг ёстой ангайлгасан даа. Ардчилсан хувьсгалын эхлэл гэдэг 89 оны 12 дугаар сарын 10-ны цуглаанаас нэг хоёр жилийн өмнө болж байсан үйл явдал. Би үнэнийг хэлэхэд нэлээд айдастай л сонсож байсан юмдаг. Учир нь жилийн өмнө оюутны 18-р гуанзанд эсэргүү хэрэг дэгдээгээд арга хэмжээ авахуулсан байсан юм. Улаанбаатар хотын намын хорооны дарга тухайн үедээ дээрээсээ бараг эхний аравт орох лут том хүний өөдөөс хэгжүүн үг хэлээд хатуу донгодуулсан байв. Хичээл орох гээд яараад хоолоо санд мэнд идэж суусан чинь хоолны амт ямар байна гэхээр нь амсаад үзчихгүй юу гээд хэлчихсэн. Одоо ярихад инээдтэй юм болсон ч тэр үедээ сургууль дээр багагүй хэрэг мандаж, ангийн үүрийн хурлаар орж дараа нь сургуулийн деканы дэргэдэх хурлаар орж бангадуулж билээ. МАХН-ын том дарга хоолны амт асуугаад явдаг цаг ирсэн байж л дээ. Тэр их халамж анхаарлыг өчүүхэн өлсгөлөн оюутан үл тоомсорлосноор үл барам хамгийн энгийн тэрхүү хоолыг тусгай хангамжийн эрхэм даргад амсахыг санал болгосон нь байж болшгүй том хэрэг болж хувирсан. Ард олныхоо юу иддэгийг асууж явна гэдэг чинь ямар их тасархай байсныг л харуулсан хэрэг шүү дээ.
-Оюутны хөдөлгөөн хэрхэн үүссэн бэ? Тэр үеийн удирдагчдын талаар ярина уу?
-Оюутны хөдөлгөөний үүсэл хөгжил бол Монгол улсын дээд боловсролын салбарын, яг нарийндаа бол МУИС-ийн үүсэл хөгжилтэй шууд холбоотой. 1942 онд сургууль байгуулахад МУИС-ийн Оюутны зөвлөл гээд ажиллаж байсан. Дараа нь 1954 онд билүү МАХН-ын Улс төрийн товчооны шийдвэрээр МОХ гэдэг нэрээр албан ёсоор байгуулсан байдаг. 1964 онд МОХ-ын дарга байсан Жамц гэдэг өвгөн 90-ээд онд надтай уулзаж байсан. Сэхээтний төөрөгдөл гэгчид нэр орж, хэлмэгдсэн хүн байсан. Оюутны хөдөлгөөн гэж үзээд яривал ирэх жил МОХ-ны үүсэл хөгжлийн 70 жилийн ой болох гээд байна. Харин энэ олон жилийн түүхээс 1990-ээд он бол гайхамшигтай цаг үе байлаа. 1990 оны 3-р сарын 2-4-нд дугуй зааланд болсон МОХ-ны Онц 4 –р бага хурал гэж ардчилсан хувсгалын түүхнээ маш том хүндтэй байр эзлэх ёстой үйл явдлын тухай хэн өнөөдөр яриваа ? МОХ энэ хурлаараа Ардчилсан хүчнийг дэмжиж хамтарсан 4 хүчний цуглаанд оролцох шийдвэр гарч байлаа. Тэр өдрүүдэд “20 дугаар зуун” гэдэг улс төр сонирхогч оюутны клубын гишүүд хэрэндээ мундахгүй үзэлцэж байж МоАХ-ны цуглааныг дэмжих шийдвэр гаргалцаж байсан. Тэр бага хурлаар Монголын Оюутны эрхийн түгээмэл тунхаглал, Дээд боловсролыг шинэчлэх үзэл баримтлал гээд тулгуур том баримт бичиг баталж өнөөгийн МОХ, оюутан, дээд боловсролын хөгжил дэвшлийн чиг хандлагыг бид нар тогтоож өгсөн юм шүү. Тэр хурлаас жил бүрийн 3-р сарын 2-ныг Монголын Оюутны эрхийн өдөр гэж тэмдэглэхээр тогтож байв даа. Энэ тухай өнөөдрийн МОХ-ны удирдагчид, оюутнууд юу ч мэдэхгүй шахуу, тэр тухай дурсаж ч ярихгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болж байхад энэ их үйл хэрэгт 90 оны МОХ ямар хувь нэмэр оруулсан тухай, 2010 оны МОХ хүний урманд ган ч гэхгүй өнгөрлөө. Зууны түүхэнд бичигдэх тоо нь бага ч агуулга нь асар том энэ ойг УИХ, Засгийн газрын түвшинд яриад бүх ард түмний баяр болгон тэмдэглэж байхад МОХ бараг өөрт нь хамаагүй юм шиг өнгөрч байна гэдэг тэнд ямар их атгаг шунал, албан тушаалын хэнээтэн , ардчиллын ямар дайснууд үүрлэчихсэн юм бол гэмээр. Тэрнээс гадна 90 оны хөдөлгөөний удирдагч байсан зарим хүмүүс маань энэ тухайгаа ярихаасаа ичдэг юмуу, залхсан уу дуугарахаа байсан. 2010 оны 3 дугаар сард онц 4–р бага хурлын 20 жилийн ой болсон байх ёстой байлаа. Ойгоо хийгээд хэдэн хүндээ аятайхан ойн тэмдэг хийлгээд зүүлгэчих сэтгэл санаачилга байхгүй байна гэдэг нь 80-аад онд оюутны гуанзанд хоолны амт асуугаад явсан коммунист дарга нараасаа дутахгүй тасарч дээ манай дарга партизанууд. Уг нь тэдний дотор одоо хөрөнгө чинээтэй зарим нь төрийн өндөр алба ч хашиж яваа томоохон бизнесүүд байдаг юм. Болд, Зоригт, Баясгалан гээд Голомт банк, Бодийн эзэд, Хаслизингийн Жаргалсайхан, Майнинфо Төрбат, Алтан тарианы Цэнгүүн, Оюутолгой Айвенхоу майнзын Содоо гээд яахын аргагүй 90 оны оюутны удирдагчид юм шүү дээ. Бид баяр наадам хийж тэмдэг зүүх ч яах вэ. Өнөөгийн оюутнууд энэ тухай мэдэж байх ёстой байтал МОХ нь хөнгөлөлтийн билет банкны карттай борлуулж дундаас нь ёндоо хусаад суудаг нэг хачин ТҮЦ болж хувирсан. Зүгээр хусаад суухгүй хуурамч билет зарж автобусны кондукторууд болох ядарсан нэгнийхээ хоолны мөнгөнөөс хумсална. Голомт банк бизнесийн нэр хүндээ их хайрладаг байж таараа, энэ тухай байр сууриа гаргамаар байна. Ичиж үхмээр байна ш дээ. Өнөөгийн дээд боловсролын тогтолцоо ард түмний ядуурлын нэг эх сурвалж болчихоод байна. Тэнд хүний мөнгийг хүүлэгчид баяжиж, улмаар улсын их хуралд суутлаа томорч байгааг бодоход асар их ашигтай бизнес болсон байна. Архины үйлдвэртэй өрсөлдөхөөр том бизнес. 1990-1997 оны хооронд МОХ-ны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд хэлэхгүй өнгөрч боломгүй байна.
-Таныг тойрон хүрээлж, тэмцэж явсан залуусын талаар асуух ёстой байх?
-Найз нарынхаа тухай ярихад дандаа сайхан байдаг. Намайг тойрон хүрээлэх ч юу байх вэ. Лувсанвандангийн Болдыг тойрон хүрээлсэн хэсэг залуус бол байсан. Л.Болдыг ард түмэн сайн мэдэж байгаа. Энэ хүний алсын хараа, ардчилсан үзэл санаа , төрт ёсыг эрхэмлэгч буурь суур цаашид ч Монголын төр нийгэмд ашиг тустай байх биз ээ. Гэхдээ яг тэр өдрүүдэд мань эр их хашир болгоомжтой ажиллаж байж гэж одоо харж байна. Мань мэтээс хэдэн уулын цаана харсаны хүчинд дийлдэхгүй том болжээ. Ер нь бид нар одоогийнхоор бол нэг баг болж ажиллаж байсан. Хашхуяг, Цэнгүүн, Содоо гээд гадаад сурдаг оюутнууд бол бараг бэлтгэгдсэн хувьсгалчид байлаа. МУИС-ийн Дэмчигсүрэнгийн Төрбат /Майнинфогийн Төрөө/ бид хоёр бол эдийн засаг дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулж явсан хоёр. Бид хэд МоАХ-ны Анхдугаар хурлын гадна цуглаан жагсаал хийх шийдвэр гаргуулах гээд ялагдаад оюутны хөдөлгөөний штабын хурлыг хаяж гарч, маргааш нь 90 оны 2-р сарын 17-нд өөрийн эдийн засгийн оюутнуудыг авчирч хүч нэмэгдүүлж байгаад олонхийн саналаар ялж байж билээ. МоАХ-ныхан Ленин багшийн төрсөн өдөр гээд ярьж байхад Төрөө КОММУНИСТ ТУРШИЛТАА ЗОГСОО гээд бичиг хүзүүндээ зүүгээд зогсож байсан хүн дээ. Бараг 10 жилээр түрүүлж явсан хүн байгаа биз дээ. Батдэлгэр /манайхан Ёобор гэнэ/. Хөдөө аж ахуйн дээдийг босгосон хүмүүсийн нэг. Хөдөө орон нутагт боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлээд гялалзаж явна. Сүүлийн үед Тэргүүн шадар сайдын дотнын хүн болоод байгаа хүн дээ. Харин МУИС-ын оюутны зөвлөлийн дарга байсан Ганбат бол бидний уулзалтыг өрөөгөөр хангаж байсан хүн. Одоо Ардчилсан намыг дэмжигчдийн холбоог байгуулаад, намын даргадаа өргөх бичиг өргөөд явж байна. МУИС-ын эдийн засгаас төрсөн нэг томоохон зүтгэлтэн бол Эрдэнэ-Очирын Золбаяр /Анарын Золоо, Угалзын Золоо, бас Залуу лидерийн Золоо гэдэг/ Бид хоёр жилийн чөлөө авч МОХ-нд ажиллаж байлаа. Золоо одоогийн сайд дарга, бизнесийн томчуудыг дэмжиж гаргаж ирсэн хүн. Мань эр улс төрийн лобби клуб гэдгийг жинхэнээр нь байгуулж ажиллуулж байсан гэж боддог юм. Полийн дээдээс Мөнхчулууны Зоригт /Бодийн Зоригоо/ бол оюутны байраар анхны цуглааны зар хүргэж явсан хүн Зоригоо бид хоёр МоАХ-ны 2-р цуглаан дээр үг хэлж байсан хоёр. Бид хоёр дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн, Монгол туургатнаа нэгтгэхээр Буриад Тува Халимагийн нутгаар тэнэж явлаа. 90 оны Орос оронд яаж алуулчихаагүй явсан юм бол гэж одоо боддог юм. Полийн дээдийн онц сурлагатан Данзандоржийн Баясгалан /Голомтын хэмээх/ бол МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны 3 дугаар сарын 4-ний хамтарсан цуглааны өргөх бичгийг тухайн үеийн коммунист удирдлагад хүргэж өгсөн ардын дөрвөн элчийн нэг. Оюутны холбооноос Чингисийн одонгоор шагнуулсан хүн. 91 онд Нука /Хавдалын Нурлан/ Поп од Алтан-Уяа, Телевизийн Го Бадарч ах нар Монголд одоогийн рок попын олон оддыг төрүүлсэн анхны асар том оюутны шоуг зохион байгуулж байлаа. Мэдээж МОХ-ын бүх партизанууд энд идэвхтэй оролцсон. Ховдын оюутны хөдөлгөөний удирдагч Сэдэдийн Эрдэнэцогт бол оюутны холбоонд олон жил ажиллахын хажуугаар хүний эрхийн Эмнести интернэйшнл байгууллагыг Монголд үүсч бэхжихэд их ажил хийсэн хүн. Анх 92 онд бид Хонг Конгоос ирсэн Хелена Хунг гэдэг эмэгтэйтэй уулзаж Эмнести Залуучууд бүлэг байгуулж байлаа. Дарханд манай арзаак Батбаяр гэж найдвартай хүн тэндхийн оюутны холбоог ажиллуулдаг байсан. СУОХ /соёл урлагийн оюутны холбоо/- ыг толгойлж оюутнуудаа хоёрын цуваанд хийгээд жагсааж авчирч байсан Жүгдэрийн Баяраа /Жү гэх/ гэж бас нэг супер партизан байна. Анагаахын дундад Алтантөгс гээд ардчиллын талыг тууштай барьдаг дайчин оюутан охин байлаа. Манай фото лабораторийн эрхлэгч Гэндэнжамцын Болдбаатар байна. Маш үнэнч ажилтан байсан юм. Одоо төмөр замд ажиллаж байна. Спортын төв ордонг дусаал дусдаггүй болгосон ажилсаг хүн. Бача, Пүрэвдаваа, Сайнзаяа, Отгонбат, Элбэг гээд манай найзууд олон байна. Одоо ч ардчиллыг тууштай дэмжиж яваа. Анагаахын дээд дээр МоАХ-ны салбар зөвлөл байгуулж явсан хоёр найз Лхагвадоржийн Дамдин, Ядамжавын Батбаяр нар маань , Полийн дээдийн Лхамжав, соёл урлагийн оюутны холбооны Макс Магсаржав , полийн дээдийн үнэнч партизан Агиймаагийн Бавуудорж нар маань 40 хүрэлгүй өөд болцгоосон нь их харамсалтай байдаг.
-Хичээл хаялт, жагсаал цуглаан гээд тэр үед зохион байгуулж байсан үйл ажилагаануудаасаа яривал?
-Би өөрийнхөө эдийн засгийн оюутнуудыг хичээл хаялтад уриалан дуудаж авч гарсан юмдаг. Сургууль бүр дээр өөр өөрийн удирдагч идэвхтнүүд байсан. 1990 оны 3 –р сарын МоАХ-ны улс төрийн өлсгөлөнг дэмжиж МОХ хичээл хаялт зарлахад 10000 гаран оюутан талбай дээр цугласан гэдэг. Харин МоАХ-ны Анхдугаар хурлыг дэмжсэн Монгол анхны гудамжны жагсаалыг бид хийсэн дээ. Циркийн ард талаас хүүхдийн зуугийн замаар явж МҮЭСТО орсон. Японы Эн Эйч Кей телевизийн сурвалжлагч замын хажуу талын төмөр хашлаганд онхолдож унаад бидний орилж хашгирч байгаа уриа лоозонг урт иштэй том бондгор микрофоноор бичээд гүйж явж билээ.
-Ойр дотно явсан, яваа, партизануудынхаа аж төрлийн талаар яриач? Ер нь ардчилсан холбооны гишүүд өнөөдөр ямархуу амьдарч байна вэ?
Тэр олон хүний тухай ярина гэвэл их урт түүх болно. Манай оюутны хөдөлгөөний партизануудын амьдрал ажил үйлс монголын нийгмийн нэг л хэсэг болохоор тэнд бүх жаргал зовлон ажил үйлс бүтэлтэй бүтэлгүй янз бүр байна. Тэдний зарим нь цатгалдаад хүнтэй дуугарахаа байж зарим нь цагаан давааны энгэрт нойрсож байна даа. МоАХ-ын партизануудын ихэнх нь насан өндөр болж, ардчиллаа манах байтугай нойроо манах ч тэнхэлгүй болсон улс байна. Зарим нь ч яахав төрийн алба хашаад гялалзаж яваа улс ч байна .
-Тэмцэж зүтгэж явсан тэр нийгэм тань өнөөдөр тогтсон гэж боддог уу?
-Ардчиллын суурь ололтуудыг Ху нам удаа дараа устгах гэж оролдоогүй бол манай орон бас ч гэж урагшаа явчихсан байх байсан гэж бодож байна. Ер нь илэрхий байгаа байгаа зүйл. Өнөөдөр зүйл бүрээр муучилж бараг улс орон сүйрлээ, сөнөх юм гэнэлээ гээд тэтгэврийн хөгшдөөр хэлүүлж байсан намынхан энэ нийгмийн боломжуудыг ашиглаж хамгийн их хагартлаа баяжиж байгаа. Хуучин коммунист намыг ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, иргэний нийгмийн тулгуур үзэл санаанд харшлагч , харийн гүрний улс төрийн бодлогын үр могой гэж үзэж татан буулгаж хөрөнгийг нь хураах ёстой. Энэ бол манай улсын хувьд амин чухал зорилт. Бараг бүтэшгүй мэт санагдаж байж болох ч Монголчууд үүнээс хавьгүй илүү үндэсний зорилтууддаа хүрч чадаж байсан ард түмэн. Ингэхгүй бол Монголын ардчиллын хувь заяа тун бүрхэг байна. Байгалийн баялагт шунасан харийн гүрнүүдэд бол Монгол яах нь бараг падгүй. Тогтвортой байдлын гэрээ л байж байвал хэнийгээ хаанаар тавьж, хэнийгээ алж хядаж, хэн нь баяжих тэдэнд хамаагүй. Харин Ху намынхан бол тусгаар тогнол гэдгийг ардчиллаас ангид юм шиг яриад өөрсддөө хэрэгтэй тусгаар тогтнол ярьж, үгээгүй ядуусаар тоглож суудаг улс. Эд нараас улс төр эдийн засгийн эрх мэдлийг салгаж авахгүй бол иргэний дайн ч гарч мэдэхээр байна.
-Та өөрийнхөө аж төрлийн талаар, хувьсгалд идэвхтэй оролцсон явдал тань амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Миний амьдралд тэгтлээ их муу сайнаар нөлөөлөөд байх юу байх вэ? Хүн өөрийн амьдралыг өөрөө авч явах үүрэг хариуцлагын нийгэм гэж ойлгох юм бол бараг л дайнд яваад ирсэн шахуу юм яриад холбооноос орон сууц, одон медаль нэхэж явдаг хүмүүсийг харахаар ичмээр санагддаг. Яг үнэндээ зарим нь тугны иш ч барьж үзээгүй амьтад МоАХ-ны байраар ганц хоёр орж яваад байр авчихаж байна. Миний хувьд 90 онд онц сурлагатан ангийн дарга явсан оюутан МОХ-нд зүтгэх санаатай жилийн чөлөө аваад хичээл сургуулиа орхих шахаж байсан явдал бий шүү. Дараа нь олон жил МоАХ-ны үнэнч партизан гэгдэж явсан. МОХ-ноос Нука, Батжаргал бид гурав 1994 онд өнөөгийн нийгмийн архаг өвчин болоод байгаа авилгал албан тушаалы луйврыг эсэргүүцэж 13 хоног өлсгөлөнд сууж байсан, Одоо “Карма” өрөө хэсэж, айлаар хоног төөрүүлэх шахаж л явна. Ардчилал зах зээлийн үнэт зүйлсийг ядарсан олон хүнд боломж болгох гэж зүтгэж байснаас өөртөө наая гэж тэгж их зүтгээгүй нь миний алдаа гэх юм уу хохь гэх үү. Надаас илүү хэцүү амьдралтай олон хүн байгаа гэж бодоод өргөдөл өгөөгүй л байгаа. Гэтэл манийг гудамжинд орилж явах хооронд харь оронд тэнэж явж ирээд байр авчихдаг ч улс байна. Ямар ид шид вэ? Зарим нь орон сууцтай хүмүүс ч МоАХ-ноос байр авсан байгааг хараад Баттулга даргыг хууран мэхэлж, байрны эргэн тойронд наймаа хийж авилгажсан хэсэг бүлэг үүсээгүй байгаа гэж бодсон шүү. Миний хувьд байртай байргүй улс төрийн үндэсний зорилтоо гүйцэлдүүлэхийн төлөө Монголын ард түмний тэмцэлд үлдсэн амьдралаа зориулна гэж боддог.

***

Партизануудтай уулзаж явахад нэг шинж чанар тун тод харагдсан юм. Тэд арьсаа хамгаалж худлаа ярихгүй юм. Үйл хэргийнхээ өчигдөр өнөөдрийнхөө тухай ярихдаа огт хошгинож хоёрдуулахгүй юм. Тэд бас нийгмийн шинж чанартай, өргөн цар хүрээтэй зүйлийн тухай ярих дургүй юм. Магадгүй тэд энэ тухай хангалттай бүр залхатлаа ярьсан байх. Магадгүй тэд нийтийн төлөө нэг байхын нийтлэг мөн чанарыг ойлгосондоо ингэдэг байх.
Хувьсгал хийж явахдаа дөч эргэм настай байсан хүмүүс өдгөө хэдийн тэтгэвэрт гарч, идэр залуухан явсан нь ачийнхаа зулайг үнэрлэж, харваас намба суусан ч нийгмийг хувьсгагч хүчин зүйлүүдийн өмнө эрх чөлөөний үзэл санаагаа туг мэт өндөрт өргөж, хэрэг гарвал үгээ хэлэхэд, тэмцэхэд хэзээд бэлхэн явна. Ардчилсан хувьсгалын партизанууд амьдрал хэмээх их үйлсийг нэр төртэйгээр үргэлжлүүлж явна.

Я.Баяраа


МОНЦАМЭ МЭДЭЭ сонин
2011.12.21