Sunday, April 22, 2012

НАДАД БИЧСЭН ЗАХИДАЛ


"ГУРВАЛЖИН АЯЛГУУ буюу Хөвгүүнд бичсэн захидал". Энэ номын эхийг хянан тохиолдуулсагуй хэмээн над руу илгээж асан тэр үдшээс хойш гурав дахь хаврыг угтаж байнам. Чухам энэ л гурав дахь хавар ирээдүйдээ зориулан дуулж явсан, ирээдүйхээ итгэл найдварыг бүтээж чадсан омог бардам тэр ахыг хорвоогоос дагуулаад явчихлаа. 

"Зүсийг нь гойд таних авч
Зүрхийг нь үнэндээ танихгүй.
Зүгээр л нэг хүн…"
-тэй намайг яруу найрагч Г.Сүхзориг цахим хаягаар холбож өгөхөөс өмнө Загдын Түмэнжаргал гэдэг хүнийг их л хүйтэн хямсгараар төсөөлдөг байлаа. Цаг гаруйхан үргэлжилсэн ярианы дараа номын эхээ илгээж, татгалзахгүй бол хараад өгөөрэй гэсэн билээ. Татгалзахын шалтгаан хийгээд зүрх зориг яахан байх билээ.
   
1400 гаруй гурван мөртийг нь ёстой л цавчих шиг болж хасаж танаж суусан тэмдэглэлээ өдгөө эргэн харахад зүрх урагдах шиг болно.

"Өнөөдөр тэрбээр ширээн дээр
Маргааш харин ширдгэн дээр.
Үүрдийн юм шиг авирлах нь л хачирхал дээр..."
гэсэн гуравтыг нь "Маш болхи дүрслэл гэж бодож байна" хэмээн тодорхойлоод улаанаар тэмдэглэсэн байна. Одоо бодоход, миний боддог ч гэж юу байхав. Энэ нэгхэн мөрөөр энэ ном дутсан нь ч бус юу байхав. Гэхдээ л... Гэхдээ энэ номыг яагаад "Хөвүүнд бичсэн захидал" хэмээн нэрлэсний, яагаад надаар хянуулсаныг тэрхэн үедээ ухаарсангүй дээ.


"Шалихгүй тэнүүлч хорхой
Шалбаагт унаж үхмой.
Шалдар бульдрын жам..."
. "Олон давтагдсан санаа байна" гээд бас л улаанаар зурсан энэ мөрийг одоо эргээд уншихад эрхгүй гуниг төрнө. Үзэг нэгтэн гэх атлаа, үхлийнх нь шалтгааныг ухаж, амьдрал руу нь эрээгүй өнгийх элдвийн амьтаст дургүй хүрнэ. Саяхан даа. Нэгэн найрагч Түмээ ахаа дурсаад, Ли-Байгийн үхлээр, яруу найрагчийн үхлээр үхлээ тэр гэсэнсэн.
"Хүмүүжил хэмээх нь
Хүндэтгэн мэхийвээс зохилтой эрхэм баялаг.
Хөвүүн минь үүнийг л чамд өвлүүлье.. "

"Сэтгэлийн олж хараагүйг
Нүд олж харахгүй...
Сэр, сэргэ хэмээн дуулахын учир тэр..."

"Ажнайг
Анжисанд оруулчихдаггүй...
Авъяас билэгтнийг зүгээр л нэг орхичихдоггүй..."

Яруу найрагчийн амьдралыг хэн ч шүүдэггүй. Яруу алдрын титмийг ард түмэн мунхаг нялхаст өмсүүлдэггүй юм. Тэнгэр шүтлэгтэн Монгол түмний дунд төрөөд, тэнгис хэмнэлт аялгуун дунд өсөөд, гал мэт бичгээрээ газар мэт мөнхийн бүтээлийг дархалж үлдээсэн билэг авьяасыг "Үндэсний бахархал" гэдэг юм.

"Гурвалжин аялгуу"-г нь хэвлэлээс гарсан хойно нь уншаад ийм нэг үгийг блогтоо бичиж байжээ:
-"Амьд явахыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг… Энэ юутай үнэн үг вэ? Юутай үнэн үгсийг юутай үнэн хүмүүс бичиж үлдээгээ вэ? Олон зуун гурвал мөртүүдээс бүрдсэн энэ номыг уншиж суухдаа би эрхгүй ингэж бодлоо.
Мөр холбон шүлэглэх гэдэг тийм шимтээд баймаар зүйл үү? Яруу найраг танин мэдэхүйн хувьд хатаасан эрвээхэйн цуглуулганаас юугаараа илүү гэж? Олон олон зүйлийн тайлалыг эндээс олж болно. ГОЛ нь тэр бүхэн таны дотор л байсныг, олж нээхэд нь дэм болох гэж энэ бүхнийг бичсэн гэдгийг ойлгох болно…"

Номын эхэнд ийм нэг үгийг товойлгон бичсэн байдаг юм.
"...Ухааны шилбүүрээр сэтгэлийн адгуусыг гилэх нь заримд хялбар, заримд бэрх, заримд угаас боломжгүй".

"Буруу зөв хоёр заримдаа ялгаршгүй.
Булингарт гол
Ёроолгүй санагдав ч ёроолтой л…"

"Өмгөр заяатанд бол өдөр болгон бүүдгэр.
Гурван зуун жаран таван бүүдгэрийг
Гуниг нөмрөн гэлдэрч туулна л тэр…"

"Уруу дорой бодолтонд
Уянга эгшиг ч зэвүүн санагддаг аж…
Урам зоригийн тухай түүнд өгүүлэх ч хэрэггүй".

"Чадал хэмээх хан боргоцой
Чацны өндөрт бус
Сэтгэлийн өндөрт ургадаг л".

"Ганцаараа жаргасан бол
Ганцаараа л зов
Гараа хэн нэг рүү сарвалзуулаад яах..."

"Ухаангүй шалиглал эхлээд алт мэт...
Удалгүй зэс мэт...
Төдөлгүй зэв мэт..."

"Оюун ухаан чинь л тэнд хүрээгүй бол
Оргил өөд мацах хэрэггүй.
Огтхон ч нэмэр үгүй..."

"Цагаатгахгүй гэж мянгантаа хүсэвч
хилс гүжир цагаадаж л таарна
Цайлгахгүй гэж түмэнтээ хүсэвч
хиргүй үүр цайж л таарна
Цааз нь тэнгэрийнх тул..."

"Эмзэглэ гэж зүр заяасан,
Эргэж хар гэж хүзүү заяасан,
Энэ бие их учиртай заяасан..."

"Жартгаргүй үнэг гэж хаана буй
Жаваргүй өвөл гэж хаана буй
Жаргалгүй амьдрал гэж юу буй..."

Түмээ ахын энэ номноос өдгөөх цагт нэн ховордсон, нэн ялангуяа утга зохиолын хүрээнд улаан номонд орсон, өөдрөг сэтгэл, эр зоригийн галтай цөлх чанарыг олж харсан юм. Чухамдаа 80-аад оныхон гэх ийм нэг хэдэн гүдэс  ах нар монголын уран зохиолын шинэ түүхийн хүч тамир нь, шим шүүс нь гэж би санадаг юм. П.Баярсайханы шархирмаар үнэн өгүүллэгүүд, Д.Энхболдын энгийн атлаа шаргуу хүүрнэл, Д.Норовын яргасан хүнд юм шиг атлаа ёгт тайлалдууд, О.Дашбалбарын илд мэт хурц хэрнээ ус мэт тунгалалаг шүлгүүдгүйгээр тэр модернизм, зодернизмын тухай яриад яах юм. Яг л тийм нэг хөх харчуулын нэг нь яваад өглөө дөө.

Сайн ах минь, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэндээ сууж дээ.  Монголын тал нутагтаа, бүтээсэн дууг нь бүтэн хагас аялах ирээдүйн хөвгүүдэд харин би ТҮМЭЭ ах шигээ бичиж чадахсан бил үү? Түүн шиг нэр нүүртэй, хэлэх үгтэй, аялах дуутай очиж чадахсан бил үү? Бид.

Түмээ ахын номынхоо төгсгөлд бичсэн үгсийг сүүлийн хэд хоног өөртөө шивнэж явна:
"... Сэтгэлээ ялимгүй будангуйрах үест би өгөөмөр зан, ариун цагаан явдал үргэлжид ялан дийлж байсныг санадаг.
Аль ч цаг үед нүгэлтнүүд бас л оршин тогтнож, цагийн хожоон дээр бяцхан цэцэглэж, нэг л их жаргалтай дориун чинээлэг аж төрж буй мэт үзэгддэг авч, эцсийн эцэст заавал үйлийн үрийг амсаж, доройтон мөхдөгийг ч хааяа бодож үздэг.
Хөвгүүн минь, чи ч энэ хатуу үнэнийг ямагт сэтгэлдээ хадааслаж яваарай".

"Гурвалжин аялгуу"-тай хамт нэгэн бичил шүлгийн эмхэтгэл илгээснийг нь бас эмхэрджээ. “ШҮҮДРИЙН ГИЛБЭЛГЭЭН” гэх энэ номын шүлгүүдийг би харин төдийлөн оролдож шалиагүй санагдана.
***
Зэлэн дээр май тавихад
Зэлүүд тал минь
Бужигнах шиг болдогсон...

***
Нүдэн дотор минь
Одоо ч
Мэлтрэнхэн урсаж байна,
Нүдэнгийн горхи.

***
Нууц гэж нэг юм байдгийг
анх надад
Нутгийн минь
цахиур чулуу
Хэлж өгсөн

***
Навчис
дээрээс нь асгарахад
Напальеоны хөшөөний зүрх
Ёгхийх шиг...

***
Зүдэргээнт шөнөөр дэмий л
Зүрхэн дотроо
Нар зурнам

***
“Эрмэг зүрхэнд
Гартахгүй юм ч гэж
юу байхав.”

Энэ л бодол
Туг минь байсан...
Тэр л жилүүдэд.

***
Аз жаргал гэж юу вэ хэмээн
Асууна уу, чи.
Амсалгүйгээр
үхэж болохгүй
Алтанхан
Алим л юм даа тэр.

***
Дурсамжийн арал,
Мөрөөдлийн арал хоёрын
Дунд нь
цэнгэг агаар

Дурсамж, мөрөөдлийн хоёр арлын хоорондох тэр л цэнгэг агаар... Буддын ёсонд мэргэдийг жанч халахад "Номын агаарт ууслаа" гэдэг. Тэр л цэнгэг агаарт ууссан цэцэн монгол хүмүүний тухай санан дурсахын нэгэн учгийг энд эвхэе. Өнөд санахын өлзий утас өнө олных нь сэтгэлд мөнх билээ. 



Я.БАЯРАА
“МОНЦАМЭ МЭДЭЭ” сонин
2012.04.20 Баасан N77 (2439)

No comments:

Post a Comment